Донбасс руу энхийг сахиулагчид илгээхийг Украин хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-11 15:22:45

КИЕВ. /TASS/. Украины Зэвсэгт хүчний жанжин штабын энхийг сахиулах ажиллагаа болон армийн хамтын ажиллагаа хариуцсан газрын дарга Леонид Голопатюк Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд ажлын айлчлал хийх үеэрээ Донбасс бүс нутаг руу энхийг сахиулагчид илгээхийг НҮБ-аас хүссэн тухай Украины Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлэв.

Украины зүүн нутгийн хямрал одоогийн хамгийн чухал асуудал гэж үзэж байгаа бол НҮБ-ын олон улсын энхийг сахиулагчдыг Донбасс руу илгээх хэрэгтэй байгааг тэрбээр онцлон тэмдэглэсэн гэж мэдэгдэлд дурдсан байна.

"Энэ хүнд цаг үед НҮБ-аас тусламж авах ёс суртахууны үндэслэл Украинд бий. Энхийн гэрээ байгуулсан хэдий ч мөргөлдөөн хэзээ ч эрчимжиж болзошгүй байдал бэлэн байгаа учир Украинд энх тайван тогтох хол байна" гэж тэрбээр мэдэгджээ.

НҮБ тэргүүтэй энхийг сахиулагчид болон аюулгүй байдлын төлөөлөгчдийн газрыг Донбасс бүс нутаг руу илгээхийг Украины Засгийн газар албан ёсоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Ерөнхий нарийн бичгийн даргаас өнгөрсөн гуравдугаар сард хүссэн тухай тэрбээр дурдаад, энхийг сахиулагчид илгээхийг дахин уриалсан байна. Мөн тэрбээр, энхийг сахиулагчдыг Украины зүүн нутаг руу илгээх нь Минскийн гэрээг хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй хэрэгсэл болохыг онцолжээ.

Д.Нямтулга

 

関連ニュース