Германы Канцлер асан Хельмут Шмидт таалал төгсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕРЛИН. /BBC/. 1974-1982 онд Баруун Германы Канцлер байсан Хельмут Шмидт 96 насандаа таалал төгсжээ.
Социал-Демократ намын гишүүн Шмидт нь Европын Холбооны мөнгөн дэвсгэртүүдийг нэгтгэж, еврог анх гаргаж ирсэн Европын валютын системийн үндэс суурийг тавьсан юм. Мөн тэрбээр дайны дараах Германы эдийн засгийн их өсөлтийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Германы хамгийн алдартай удирдагчдын нэгээр түүнийг зүй ёсоор тооцдог.
Түүний зөвлөгөө, дүгнэлт надад маш чухал байсан гэж Германы Канцлер Ангела Меркель хэлсэн байна. Мөн өөрийн даруу байдал, үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвараар бүх германчуудын хайр, хүндэтгэлийг хүлээсэн удирдагч байсан юм гэж Меркель эмгэнэл илэрхийлэхдээ хэлжээ.
"Шмидт бол гарамгай Канцлер байсан. Герман, Европын их өөрчлөлтийн үед тэрбээр таалал төгслөө” гэж Европын Парламентын ерөнхийлөгч Мартин Шульц хэлээд, гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлжээ.
“Улс төрийн эр зоригоороо олон хүнд урам өгсөн онцгой хүн байсан” гэж Европын Комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер онцолсон байна.
Мөн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд түүнийг “агуу Европ хүн” байсан гээд, “германчуудын гүйцэтгэх үүрэг Европт байгааг тэрбээр амьсгал хураах мөч хүртлээ ойлгуулж чадсан” гэж хэлжээ.
Х.Аминаа