Олон талт хэлэлцээрийг хүчин төгөлдөр хэвээр хадгалахыг эрмэлзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /РИА Новости/. Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талт хэлэлцээрийн хүчин төгөлдөр байдал алдагдах аюул нүүрлээд байгаа тул АНУ, Хятад, Герман, Франц болон бусад хэд хэдэн улсын парламентад хандсан уриалга бүхий захидлыг ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын харилцааны асуудал хариуцсан хороо тус улсын гадаад хэргийн яамны оролцоотойгоор даваа гарагт хэлэлцсэн байна. Энэ тухай ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Олон улсын харилцааны асуудал хариуцсан хорооны эх сурвалжийг иш татан Риа Новости агентлаг мэдээллээ.
ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын харилцааны асуудал хариуцсан хороо уг захидлыг хэлэлцсэний дараа буюу аравдугаар сарын 25-нд түүнийг Холбооны Зөвлөл авч хэлэлцэх ажээ. "Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрийг хүчин төгөлдөр хэвээр байлгах нь зүйтэй гэдгийг АНУ-ын Конгрессын гишүүдэд итгүүлэх хүчин чармайлт тавина уу гэсэн уриалгыг Холбооны Зөвлөлөөс уг хэлэлцээрийг баталсан АНУ, Их Британи, Франц, Орос, Хятад зэрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улсууд болон Герман улсын парламентад тавина" гэж Үүнээс өмнө Холбооны Зөвлөлийн Олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев мэдэгдэж байсан юм.
“Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талт хэлэлцээр болох Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтарсан төлөвлөгөөнд хандах хамтын байр суурийг боловсруулж, АНУ-ын санал болгож буй арга хэмжээ нь Иранд төдийгүй уг хэлэлцээрт оролцогч бусад бүх орны хувьд үр нөлөөгүй гэдэгт АНУ-ын эрх баригчдыг итгүүлэх “бодит” боломж өнөөдөр байна” гэж Константин Косачев хэлсэн байна.
Э. Аянзаяа