Пхеньян хэлэлцээ хийх саналыг Сөүлд тавилаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-20 14:30:07

ПХЕНЬЯН. /АП/. Умард Солонгосын эрх баригчид хэлэлцээ хийж эхлэх саналыг Өмнөд Солонгост тавьсан тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Энэ нь Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор Засгийн газрын түвшинд хийх анхны уулзалт болно гэдгийг тус агентлаг онцлон тэмдэглэсэн байна. Наймдугаар сард болсон зэвсэгт мөргөлдөөний дараа Пхеньян болон Сөүл харилцаагаа сайжруулахаар тохиролцсон билээ.

1950-1953 оны зэвсэгт мөргөлдөөн тухайн үед түр эвлэрэх гэрээ байгуулснаар дууссан учир хоёр Солонгос одоо ч дайны байдалд байгаа билээ.

АНУ-тай найрамдлын гэрээ байгуулахыг Пхеньяны эрх баригчид 2010 оноос хойш оролдож байгаа юм. Умард Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгостой байгуулсан Үл довтлох гэрээг 2013 оны гуравдугаар сард цуцалж, түр эвлэрэх гэрээнээс дангаар гарч байгаагаа мэдэгджээ.

Пхеньяны тавьсан дээрх саналыг Сөүлийн эрх баригчид сайшаасан байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч мэдээлжээ.

Өндөр түвшинд хийх хэлэлцээнд бэлтгэх асуудлаарх уулзалтыг энэ сарын 26-нд хийхийг Умард Солонгосын эрх баригчид Сөүлд санал болгосон байна. Холбогдох саналыг Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны Солонгосыг тайван замаар нэгтгэх асуудал хариуцсан хороонд хүргүүлснийг Умардын агентлаг мэдээлжээ.

Умард Солонгосын эрх баригчид хоёр Солонгосын төлөөлөгчдийн уулзалтыг хил орчмын Панмүнжом сууринд хийхээр төлөвлөж байгаа аж.

Д.Жаргал

関連ニュース