2020 оны Токиогийн олимпын наадам болоход хоёр жил үлдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Ирэх 2020 онд Японы нийслэл Токио хотноо болох Олимпын наадам нь тухайн оны долдугаар сарын 24-нд буюу өнөөдрөөс яг хоёр жилийн дараа эхэлнэ. Уг наадмыг зохион байгуулах үүрэг хүлээсний хувьд хэт халалт болон чийгшлийг зохицуулах шаардлага зохион байгуулагчдын өмнө тулгараад байгаа ажээ.
Олимпын наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд спортын 33 төрлөөр нийт 339 тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Олимпыг зохион байгуулах хороо Японы Засгийн газартай хамтран бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна. Хэт халалтаас сэрэмжлэх нь сайн дурын ажилтнуудыг бэлтгэхтэй адил чухал ач холбогдолтой юм. Зохион байгуулагчид 110 мянга гаруй хүнийг сайн дурын ажилд хамруулахаар төлөвлөжээ.
Олимпын наадмыг зохион байгуулж буй улсын хувьд спортын 30 тэмцээнд тэргүүн байр эзэлж, медалийн чансааны жагсаалтад алтан медалийн тоогоор гуравдугаар байрт жагсахыг эрмэлзэж байгаа ажээ. 2016 онд Рио-де-Жанейро хотноо болсон Олимпоос Япон улс 12 алтан медальтай нутаг буцсан юм. Тус улсын тамирчид нь жүдо, эмэгтэй бөхийн барилдаан, уран гимнастик, усанд сэлэлтийн төрөлд өндөр амжилт гаргадаг бөгөөд ширээний болон агаарын теннисийн төрөлд ч мөн амжилттай оролцоно гэж найдаж байгаа ажээ.
Э.Хулан