Путин: ОХУ-Монголын харилцаа тогтвортой хөгжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-12 13:20:10
twitter.com/Nyamkanmk
ВЛАДИВОСТОК. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай өнөөдөр уулзлаа.

Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болсон энэхүү хоёр талын уулзалтын үеэр В.Путин, “өмнө нь гаргасан шийдвэрт үндэслэн хоёр улсын харилцаа тогтвортой хөгжиж байна" гэж мэдэгдэв.

Монголын улсын төлөөлөгчдийг тэргүүлэн хоёр жил дараалан энэхүү чуулга уулзалтад биечлэн оролцож байгаа Х.Баттулгад В.Путин талархал илэрхийлсэн байна.

ОХУ-Монголын худалдааны эргэлт өнгөрсөн онд бараг 50 хувиар, энэ оны эхний хагаст 30 хувиар тус тус өссөнийг В.Путин дурдаад, Улаанбаатар төмөр зам болон Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өнгөрсөн онд гурав дахин нэмэгдсэн гэж мэдэгдлээ.

Мөн тэрбээр, хоёр талын эдийн засгийн харилцаанд нааштай үр дүн гарч байгаа бөгөөд тантай биечлэн уулзаж, энэ болон бусад асуудлаар хэлэлцэх завшаан тохиосонд баяртай байна гэж мэдэгджээ.

ОХУ-Монголын хоёр талын уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков, Игорь Левитин, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Юрий Трутнев, Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров, Эрчим хүчний сайд Александр Новак, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин, “Оросын төмөр зам” компанийн ерөнхий захирал Олег Валентинович Белозеров оролцсон байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ