БНХАУ-ын дарга Монголын Ерөнхийлөгчтэй хоёр талын уулзалт хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-12 16:31:55
twitter.com/Nyamkanmk
ВЛАДИВОСТОК. /Xinhua/. ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Си Жиньпин, Монгол Улстай тогтоосон харилцаанд БНХАУ өндөр ач холбогдол өгдөг болохыг онцлон тэмдэглээд, цаашид чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчимд тулгуурласан хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг улам бүр бэхжүүлж, өргөжүүлэх болно гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр, хоёр улсын харилцааны улс төрийн чиглэлийг бэхжүүлж, харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх зөв чиглэлийг дагах хэрэгтэй гэж мэдэгдэв.

Цаашид талууд бие биенийхээ үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэж, ойлгож, харилцан итгэлцлийг бэхжүүлэх хэрэгтэй гэж БНХАУ-ын дарга онцлон тэмдэглээд, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тус улсын ард иргэдийн сонгосон хөгжлийн замналыг БНХАУ хүндэтгэдэг гэж мэдэгдлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг нягт уялдуулахын зэрэгцээ бидний бодит хамтын ажиллагааны үр дүнд бий болсон томоохон төслүүдийг удирдан чиглүүлэх асуудлыг бататгах хэрэгтэй гэв.

Мөн мал аж ахуй, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд чиглэсэн Монголын хүчин чармайлтыг БНХАУ дэмждэг бөгөөд цаашид Монгол улсаас өндөр чанартай ферм, бэлчээрийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн илүү ихийг импортлох болно гэж тэрбээр хэллээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, БНХАУ-тай үүсгэсэн нөхөрсөг, тогтвортой харилцаагаа хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах зарчмыг Монгол Улс нягт баримталдаг гэж мэдэгдэв.

Мөн тэрбээр, Монгол Улс нь харилцан ашигтай, тэнцвэртэй, улс орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй, нутаг дэвсгэрийн бүрэн байдал болон тусгаар байдлыг харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан БНХАУ-тай харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэх зорилготой. Үүний зэрэгцээ Монгол Улс БНХАУ-ын нэг Хятад бодлогыг дэмждэг бөгөөд Тайвань, Түвд, Шинжааныг БНХАУ-ын салшгүй нэг хэсэг гэж үздэг гэж мэдэгдсэн байна.

Эцэст нь тэрбээр, “Бүс ба Зам” санаачилгад Монгол Улс оролцох хүсэлтэй байгааг дурдаад, худалдаа, эрчим хүч, ферм, бэлчээрийн аж ахуй, дэд бүтэц зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монгол-БНХАУ-ОХУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах ажлыг урагшлуулах зорилготой байгаагаа илэрхийлсэн байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ