4000 орчим ном судар "дээлээ солив"

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-10 16:55:51

“Номын баринтаг” төслийн энэ жилийн хаалтын ажиллагаа өнөөдөр Үндэсний номын сангийн Үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Тус төсөл нь баринтагийг хандивын аргаар бүтээх, соёлын түүхэн үнэт ховор өвийг хамгаалах, оюутан, сурагч, залуусыг номтой нөхөрлөх, номын сангийн үйл ажиллагаатай танилцуулах, хүүхэд багачуудад номын баринтаг хэрхэн хийх аргачлалыг таниулах зорилготой.

Энэ үеэр гэр бүл, найз нөхөд, хамт олон, байгууллагаараа 108 баринтагаас дээш хандивлагч нарыг батламжилж урамшуулсан юм.

Энэхүү төслийг БСШУЯ, Үндэсний номын сан, JCI Capital салбар байгууллага хамтран гэрээ байгуулж, өнгөрсөн 4 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлжээ. Төсөл хэрэгжиж эхэлснээр Үндэсний номын сангийн фондод хадгалагдаж буй 4000 орчим ном судар, соёлын үнэт өв шинэ дээлээр гоёлоо.

Гурван жил үргэлжлэх төслийн хүрээнд нийт 30 мянга орчим номыг шинэ баринтаг, дээлтэй болгох юм байна.

Дашрамд дурдахад, номын баринтаг хандивлагч нар Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейгээр зочилж, монголчуудын номын гайхамшигт өв соёлтой танилцсан юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ