С.Бямбацогт: МАН бол зээл зогсоодог нам биш

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-11 13:52:31

МАН-ын Удирдах зөвлөлөөс орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгон нэмэгдүүлсэн гэх асуудлаар мэдэгдэл гаргажээ.

Үүнтэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, "АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр МАН-ын буруутай үйл ажиллагаанаас хамаарч ипотекийн зээл зогслоо гэж анх мэдээлсэн. Иймээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна. МАН бол зээл зогсоодог нам биш" хэмээн мэдэгдлээ. Тэрбээр мөн тус нам өмнөх жилүүдэд удаа дараа зээлийн хүүг бууруулах асуудлыг тавьж, хэрэгжүүлэхэд анхаарч ирсэн гэв.

Үүний дараагаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат уг мэдэгдлийг уншиж танилцуулсан юм. Мэдэгдэлдээ, "Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх нэгхэн хоногийн дараа үнэнд няцаагдсан цуурхал, гүтгэлгийн чанартай, бусдын нэр төрд халдсан мэдээллийг түгээж эхэлсэн.

Иргэн А.Базарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан “8 хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авахаар хуульчилсан нь иргэний хувийн өмчийн үндсэн эрхэд халдсан байна” гэх агуулгатай мэдээллийг Үндсэн хуулийн цэц 2015 оны 12 дугаар сар 9-ний өдөр Их суудлаар хуралдан хэлэлцэж барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэсэн шийдвэр гаргажээ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын зохион байгуулсан энэхүү үйлдлийг,

1. Орон сууцны зээлтэй иргэдийг МАН руу турхирч, олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн;

2. Банк, санхүүгийн байгууллага, иргэдийн хооронд үл итгэлцлийг дэвэргэсэн;

3. МАН-ын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж гүтгэсэн санаатай үйлдэл гэж дүгнэж байна.

Монгол Ардын нам нь орон сууцны зээлийн 6 хувийн хүүг санаачлан эхлүүлж байсан ба иргэдээ урт хугацаанд бага хүүтэй зээлийн хөтөлбөрт хамруулж, орон сууцаар хангах бодлогыг санаачлагч, дэмжин хэрэгжүүлэгч байж ирснийг Монголын ард түмэн мэднэ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн тараасан гүтгэлгээ твиттер хуудсаараа дамжуулан “андуурал болсон байна” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Иймд түүнийг МАН-аас нэн даруй уучлал эрж, залруулга гаргахыг шаардаж байна" гэжээ.

Түүнчлэн Л.Эрхэмбаярын хууль бус үйлдлийг шалгуулахаар шүүх хуулийн байгууллагад  хандаж, нэр төрөө цэвэрлэж авахаар болсон гэж энэ үеэр мэдээллээ. Үүний зэрэгцээ орон сууцны зээлийн хүүг бууруулахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Б.Туул

Холбоотой мэдээ