Гар тооллогыг давхар явуулах асуудалд хүндэтгэлтэй хандахыг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-11 14:33:15

УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар зөвшилцөлд хүрэхгүй бол УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнөөдөр мэдэгдлээ.

Тэрбээр, “Манай нам эрх барьж байх үед Сонгуулийн тухай хуулийг баталсан. Тухайн үед цөөнхийн саналыг хүндэтгэж хар машинаар сонгууль явуулах заалтыг хуулиндаа тусгаж өгсөн. Өнөөдрийнх шиг олонхиор хүч түрж асуудалд хандаж байгаагүй. Сонгуулийн үр дүнг хар машинаар тоолохоос гадна нэг удаа нийгэмд үүсээд байгаа эргэлзээг тайлж, гар тооллогыг давхар явуулья гэсэн асуудлыг тавьж байгаа.

Бид улс орны эрх ашгийг бодолцож, төсөв болон бусад хуулиудыг цаг хугацаанд баталж ирсэн. Харин одоо үнэн зөв, шударга сонгууль явуулах үүднээс зөвхөн Сонгуулийн тухай хуулинд дээрх асуудлыг гаргаж тавьсан. Гэвч бидний тавьсан асуудлыг хүлээж авахгүй байгаагаас завсарлага аваад байна. Энэ бол мухардсан арга. Олонх маань асуудалд хүндэтгэлтэй хандаасай гэж хүсч байна” гэв.

Б.Туул

Холбоотой мэдээ