Л.Арцанхүү: Тайвань руу чацарганы тос гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 15:52:53

Увсад үйлдвэрлэв

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд “Улаан шүрэн Чандмань”, “Увс таван эрдэнийн ундарга” компанийн захирал Лооройн Арцанхүүтэй ярилцлаа. Түүний удирдсан компаниуд нь чацарганы тариалалт, боловсруулалт болон малын гаралтай түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?

-Би 1971 онд Увс аймагт төрсөн. Чандманы 8 жил, 1-р арван жилийн сургуулийг төгсөөд цэргийн албыг 2 жилээр хаасан. Дараагаар нь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг худалдааны менежмент, бизнесийн удирдлагаар, Улс төрийн академийг Төрийн удирдлагын магистраар тус тус төгссөн. Оюутан байхаасаа эхлээд малын түүхий эд авч зарах ажлыг 20 гаруй жил хийж байна. Энэ хугацаанд “Улаан шүрэн чандмань” компанийг үүсгэн байгуулсан. Манай компани нь газар тариалан, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 20 гаруй ажилчинтай. Чацаргана, үхрийн нүдний жимс тариалж, “Монгол чацаргана” тос, үхрийн нүд, чацарганы шүүс үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.  Тайвань улс руу чацарганы тосоо гаргаж байгаа.

Үүнээс гадна сортын чацаргана, үхрийн нүдний хоёр настай суулгацыг бэлтгэж, Улаанбаатар хот болон баруун аймгуудад нийлүүлж байна.

-“Увс таван эрдэнийн ундарга” ХХК тань ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Энэ компани маань 2013 онд Төрийн өмчит Хөдөө аж ахуйн бирж компанийн Увс аймаг дахь салбар болж байгуулагдсан. Малын гаралтай түүхий эд болон улаан буудай, тосны ургамал зэргийг бэлтгэн нийлүүлэх, тэдгээрийг арилжаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Өнгөрсөн хавар манай компани нэг контейнер ноолуурыг кг-ыг нь 60 мянган төгрөгөөр буюу 1 тэрбум 200 сая төгрөгийн өртөгтэй барааг арилжаалсан.

Энэ компани нь Хөдөө аж ахуйн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооны хяналтан дор үйл ажиллагаагаа явуулж, тайлан мэдээгээ сар тутам өгч байдаг.

-Арьс шир, түүхий эдийн үнэ өсөх хандлага байна уу?

-Өнгөрсөн жилээс малын гаралтай түүхий эдийн үнэ уначихсан. Нөлөөлж байгаа хүчин зүйл нь гадаад зах зээл. Монголын түүхий эдийн 90 хувийг Хятад авч, цаашаагаа гурав дахь зах зээлд нийлүүлдэг. Гэтэл дэлхийн зах зээл дээр малын гаралтай түүхий эдийн үнэ хямд байна. Урд жилүүдэд 1 кг ноолуур бараг 80 мянга төгрөг хүрч байсан. Цаашдаа зах зээл сайжирвал гайгүй тогтворжих байх. Гэхдээ малын гаралтай түүхий эдээ бид дотооддоо бүрэн боловсруулдаг болмоор байна. Увс аймагт гэхэд ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэр байгуулах юмсан гэж боддог. Мэдээж үүнд маш их хөрөнгө санхүү, хүн хүч шаардагдах байх. Гэвч ирээдүйгээ бодоод энэ ажлыг зайлшгүй эхлүүлэх хэрэгтэй.

-Улаангом сумын 8-р багаас та аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Тэгэхээр тойргийнхоо талаар яриач?

-Хөндлөн багт малчид, мал бүхий иргэд амьдардаг. Нийтдээ 167 өрхтэй бөгөөд дээр нь 9-р багийн хөдөөгийн 69 өрх нэмэгдэж, нийт 236 өрхтэй, 1000 гаруй хүн амтай  баг болсон. Өвөл нь өнөтэй, зуд зурхангүй тарган сайхан гарах юм бол манай малчдад үүнээс өөр хүсэх зүйл бага байдаг. Сүүлийн 2-3 жилд манай багийн малчдын мал сүрэг нь өсч, Улаангом сумандаа их малтайд орох болсон. Хөндлөн голоор бод мал, Хүдэн, Тэрмисээр бог мал бэлчээрлэх тохиромжтой бүс нутаг. Дээхэн үед Хөндлөн гол Давст сумын харьяанд байхад Халиудаа, Хоргост гээд бригад байсан. Би Халиудаа бригадын  буюу Хөндлөн голын унаган хүүхэд бөгөөд манай аав ээж тэнд мал маллан амьдарч байсан. Нутгийн хүүхэд учраас төрөлх нутагтаа юм хийх байх гэж үзээд манай багийн ард иргэд намайг өнгөрсөн сонгуулиар сайн дэмжсэн.

Малчид намаржаандаа бууж, хадлан тэжээлээ авсны дараахан “Төлөөлөгчийн нэг өдөр”  өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ үеэр манай малчид өөрсдийнхөө хурдан шандаст хүлгүүдээ сойж уралдуулдаг юм. “Төлөөлөгчийн нэг өдөр”-өөр эмнэлгийн үйлчилгээ, нийгмийн халамж, хамгаалал, урлаг, соёлын үйлчилгээг мөн үзүүлж, нэг өдөр ард иргэдтэйгээ хамтдаа зовлон жаргалаа хуваалцдаг.

Манай багт олон гол байдаг тул гүүрний асуудал их хөндөгддөг. Монгол Улсын төсөв санхүү хэцүү байгаа ч гэсэн саяхан хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит 10-р хуралдаанаар 2016 оны аймгийн төсвийг батлахдаа Хөндлөн голын гүүрийг барих 25 сая төгрөгийг төсөвт суулгаж өгсөн.

Хоршоонд орсон малчид урамшуулалд хамрагддаг журмын дагуу багийнхаа бүх малчдыг хамруулсан “Хөндлөн тэрмис” хоршоог байгуулан ажиллуулж байна. Энэ хоршоогоороо дамжуулан багийнхаа малчин өрхүүдийн ноос, ноолуур, арьс шир гэх мэт малын гаралтай түүхий эдийг авч байна.

-Увсчууддаа хандаж юу хэлэх вэ?

-Увсчууд маань ирж буй шинэ ондоо олз омогтой, дүүрэн жаргалтэй, сэтгэл тэнүүн, итгэл өөдөө байх болтугай. Хөндлөн багийнхаа ард иргэдэд хандаад одоогоор цас ихтэй байгаа ч энэ бэрхийг даван туулснаар цаана нь амжилт харагдаж байгаа шүү гэж хэлье. Та бүхэндээ шинэ жилийн гал халуун мэндийг хүргэж байна.  

-Танд баярлалаа.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ