МОНЦАМЭ АГЕНТЛАГ ДЭЛХИЙ ДАХИНД 2015 ОНД БОЛЖ ӨНГӨРСӨН ГОЛ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ НЭРЛЭЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-12-17 14:31:30

"МОНЦАМЭ" агентлаг дэлхий дахинд 2015 онд болж өнгөрсөн гол үйл явдлуудыг нэрлэж байна.

1. Түүхэн тэмдэглэлт ойнууд тохиов

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дэмжин сахиулах, улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой олон улсын байгууллага болох НҮБ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой боллоо. Мөн дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойг хүн төрөлхтөн даяараа өргөн тэмдэглэсний дотор БНХАУ төв талбайдаа цэргийн парад зохион байгуулан анх удаа тэмдэглэсэнд 30 орчим орны төр, засгийн тэргүүн нар, түүнчлэн 50 гаруй орныг төлөөлсөн хүндэт зочид оролцов.

2. Азийн шинэ банк ба юань

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь Ази-Номхон далайн бүс нутгийн санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилготой олон улсын санхүүгийн байгууллага юм. БНХАУ-ын санаачилсан тус банкны гишүүн болохоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурах боломж 2015 оны 12 дугаар сарын 31-н хүртэл нээлттэй байна. Тус банканд Ази, Африк, Австрали, Латин Америкийн 57 улс боломжит гишүүн болсноос 56 улс банкны гэрээг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурснаас 13 улс баталжээ. Банкны үйл ажиллагаа энэ оны сүүлээр эсвэл 2016 онд эхэлнэ. Үүний сацуу Хятадын үндэсний мөнгөн тэмдэгт юанийг Олон улсын валютын сангийн /ОУВС/ нөөц валютын сагсанд орууллаа.  Юанийг дэлхийн нөөц валют болгох тухай шийдвэр 2016 оны 10 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

3. Японы цэргийн шинэ номлол

Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчнийг тус улс шууд халдлагад өртөөгүй байсан ч АНУ зэрэг холбоотон улсуудаа хамгаалахад ашиглана. Тэрчлэн тус хүчин олон улсын энхийг сахиулах ажиллагаанд илүү өргөн үүрэгтэйгээр оролцох боломжтой болсон. Батлан хамгаалахын ийм шинэ номлолыг Японы парламент баталлаа.

 

4. “Лалын улс”-ыг устгах ажиллагаа

Дэлхий нийтэд тулгарч буй гол аюулуудын нэг болсон террористуудын энэ бүлэглэлийг устгахын тулд АНУ, Их Британи, Герман, Франц тэргүүтэй 40 гаруй улс орон хамтарсан эвсэл байгуулж, террористуудад агаараас цохилт өгсөөр байна. Харин энэ эвсэлд Орос улс нэгдээгүй боловч Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын хүсэлтийн дагуу тус улс дахь террорист бүлэглэлүүдэд, тухайлбал, “Лалын улс” бүлэглэлд агаарын цохилт өгч байна. 

5. Европын дүрвэгчдийн хямрал

Наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Европ тив дэлхийн II дайн дууссанаас хойш дэгдээгүй хүмүүнлэгийн томоохон хямралд нэрвэгдэж, цагаач, дүрвэгчдийн их нүүдэлд дарагдсан нь одоо ч үргэлжилсээр байна. Энэ оны 12 дугаар сарын 1-ний байдлаар Европ 878485 цагаач, дүрвэгчийг хүлээж авчээ.

 

6. Турк ОХУ-ын нисэх онгоцыг сөнөөв

Сири дэх ОХУ-ын Су-24М бөмбөгдөгч нисэх онгоцыг хил зөрчсөн хэмээн Сири-Туркийн хил орчимд 6000 орчим метрийн өндөрт явахад нь Туркийн Агаарын цэргийн хүчний F-16 сөнөөгч нисэх онгоц агаар-агаар ангиллын пуужин харваж сөнөөв. Туркийн ажиллагааг ОХУ эрс эсэргүүцэж, хориг арга хэмжээнүүд авч байна.

 

7. “Лалын улс”-ын хариу үйлдлүүд

ОХУ-ын Иргэний агаарын тээврийн “Когалымавиа” компанийн “Airbus A321-231”нисэх онгоц Синайн хойгт сүйрч,  224 хүний амь эрсэдсэн. ОХУ-ын Аюулгүй байдлын албаны хувилбараар, нисэх онгоцны бүхээгт гар хийцийн тэсрэх төхөөрөг дэлбэрчээ. Энэ хэргийг террорист “Лалын улс” бүлэглэлийн Синайн хойг дахь салбар хүлээсэн юм. Үүний дараа Францын нийслэл Парис хот, тус хот орчимд цуврал террорист халдлага болж, 130 хүний амь эрсдэж, 350 гаруй хүн шархадсан. Энэ хэргийг “Лалын улс” үйлдсэнээ хүлээж, “Франц маягийн 9 дүгээр сарын 11” гэж нэрлэжээ.

8.Ираны цөмийн хөтөлбөр

Иран болон “5+1” бүлэг /АНУ, БНХАУ, Их Британи, ОХУ, Франц болон Герман/ Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх олон жилийн маргааныг зохицуулах түүхэн хэлэлцээр байгуулсан. Уг баримт бичигт заасны дагуу, Ираны цөмийн хөтөлбөр энхийн зориулалттай нь нотлогдвол Иран улсад НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, АНУ, Европын Холбооноос авсан хориг арга хэмжээнүүдийг цуцална.
 

9. Байгалийн гамшиг

Балбад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас тус улсад 8857, Энэтхэгт 130, БНХАУ-д 27, Бангладешт 4 гээд нийт 9018 хүн амиа алдсан. Үүний дараа тавдугаар сарын 12-нд Балбад дахин 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болж, тус улсад 153, Энэтхэгт 62, БНХАУ-д 1, Бангладешт 2 гээд нийт 218 хүн амиа алджээ.

 

10. Уур амьсгалын түүхэн хэлэлцээр

Хүлэмжийн хийн хаягдлыг үлэмж хэмжээгээр бууруулах замаар дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5-2 хэмийн хооронд барихаар заасан Парисын хэлэлцээрийг 195 орны төлөөлөгч дэмжин сайшаалаа. Киотогийн протоколын халааг авах уг баримт бичиг ирэх жилийн хавар хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна. 55 улс гарын үсэг зурж баталсны дараа хэлэлцээр хүчин төгөлдөр болно.

Холбоотой мэдээ