Хэлмэгдэгчийн хүүхэдтэй ХЭҮК-ын дарга уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-18 14:26:55

 "Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” төрийн бус байгууллагын гишүүдийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж хүлээн авч уулзан ярилцав.

"Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын тэргүүн Д.Дашдаваа  "Монголын төр улс төрийн их хэлмэгдүүлэлтийн үед бидний эцгийг хилсээр цаазалж, бүх өмч хөрөнгийг маань хурааж байсан. Бид бүхэн хүүхэд насандаа эсэргүүний хүүхэд хэмээн адлагдаж, сургуульд сурч боловсрол эзэмшиж боломжгүй хэцүү, хатуу нөхцөлд өнгөрүүлж хэлмэгдсэн. УИХ-аас 1998 онд баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдний ар гэрийнхэнд нөхөн олговор олгох тухай хуулийн хүрээнд хэлмэгдсэн хүмүүсийн ар гэр, үр хүүхдүүдэд нэг удаагийн тэтгэмж хэмээн нэг сая төгрөг өгөөд энэ асуудлыг хаасанд гомдолтой байдаг” гээд цаашид хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн хүрэлцээтэй түвшинд аж төрөх, амьжиргааны зохих түвшний орлоготой байх эрхийг хангах чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллах"-ыг ХЭҮК-ын даргаас хүслээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж " Энэ жил ахмад настны нийгмийн хамгаалал ба хүний эрхийн чиглэлээр хийж буй судалгааныхаа хүрээнд санал, хүсэлтийг хүлээн авч тусгах, улмаар ирэх жил УИХ-д өргөн барих хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх илтгэлээрээ санал, зөвлөмж өгч ажиллах боломжийг судална" гэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ