Төрийн өндөрлөгүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

Монголын мэдээ
mn_tuul@montsame.mn
2015-09-10 15:11:38

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, М.Энхболд, УИХ-ын гишүүд, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн “Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

УИХ-аас баталсан хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 20 дахь удаагаа ийн тэмдэглэж байна. Цагаатгах ажиллагаа эхэлснээр хойш 31.198 хүнийг цагаатгаж, тэдэнд болон гэр бүл, ач зээ нийт 18 мянга гаруй хүнд 16.2 тэрбум төгрөгийн нөхөх олговор олгожээ.

Их хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилж, тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан гэж үздэг. Монгол улсын нийт хүн амын 8-13 хувийг хэлмэгдүүлэн хөнөөснөөс эдгээрээс 18 мянга нь лам нар байжээ. Түүнчлэн түүх соёлын үнэт дурсгал болсон 700 гаруй сүм хийдийг нураан сүйтгэсэн аж. Иймд жил бүрийн энэ өдөр Монголын төр нийгмийн удирдлагууд хэлмэгдэгсдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөдөг уламжлал тогтжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд