ДНБ-ний хоёр хувьтай тэнцэх хэмжээгээр шинжлэх ухааны салбарыг санхүүжүүлэх ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-22 16:20:31

МАН-ын дарга М.Энхболд "Одон орон, геофизик судалгааны төв"-ийн 2015 оны ажлын тайлантай танилцав. 

Тэрбээр Шинжлэх Ухааны Академийн тэргүүлэгч гишүүнээр ажилладаг бөгөөд өмнө нь Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар ажиллаж байхдаа шинжлэх ухааныг дэмжих чиглэлд хэд хэдэн ажил хэрэгжүүлсэний нэг нь газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай комисс байгуулсан явдал юм. Тиймээс энэ ажилтай уялдуулан "Одон орон, геофизик судалгааны төв"-ийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, судалгаа, шинжилгээний ажлуудыг үзэж сонирхсон байна. 

МАН-ын дарга М.Энхболд энэ үеэр олон жилийн турш ашигласан техник, тоног төхөөрөмж бусад оронд ашиглаж байгаа техникүүдийг бодвол чанар, хурдын хувьд хоцрогдолтой байгааг онцлоод, "Гэсэн ч Монголын эрдэмтэд олон улсын эрдэмтэн, судлаачидтай мөр зэрэгцэн ажиллаж байна. Улс орны цаашдын хөгжилд шинжлэх ухааны байгууллагын гаргасан бодлого, шийдвэрийг дэмжиж байх ёстой. Түүгээр ч зогсохгүй ДНБ-ний хоёр хувьтай тэнцэх хэмжээнд шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг цаашид Монгол Улс төлөвлөж, тооцоолж явах ёстой. Хөгжсөн улс орнуудыг судлаад үзэхээр шинжлэх ухааныг эхлээд хөгжүүлж байж түүнийгээ хүчинд тодорхой салбаруудыг яаж хөгжүүлэх вэ гэдэг шийдлийг гаргасан байдаг. Тиймээс Монголын олон жилийн түүхтэй шинжлэх ухааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг тогтвортой байлгаж, мэргэжилтнүүдийг өмнө нь бэлтгэж байсан тогтолцоо системээр бэлтгэх нь зүйтэй " гэсэн юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ