“Монгол мал” хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэх нь зүйтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 17:16:21

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ховд, Манхан, Зэрэг, Жаргалант сумдад ажиллах үеэр нь уулзаж малчдын амьдрал, мал, махны ханшны талаар  ярилцлаа.

-Малчдын амьжиргаа хүндэрч, махны үнэ хямдарч орлогогүй болж байгаа энэ үед махыг экспортонд гаргах чиглэлээр төр засгаас дорвитой ажил хийж байна уу? Энэ талаар танай намын бүлгээс тавьсан шаардлага хэр үр дүнд хүрч байна вэ?

-Өнгөрсөн парламентын үед буюу 2010 онд Төрөөс малчдын талаар баримтлах баримт бичиг буюу “Монгол мал” хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд малыг эрүүлжүүлэх, бүртгэлтэй болгох, даатгалтай болгох, малын гаралтай түүхий эд, малын үнийг өсгөх, тогтвортой болгох зэрэг бодлогыг барьж ирсэн. Эдгээр бодлого амжилттай хэрэгжиж байсан боловч харамсалтай нь 2012 оноос “Монгол мал” хөтөлбөр зогсоосон. Үүнээс болж малын гаралтай түүхий эд болон малын үнэ буурах үзэгдэл газар аваад өнөөдрийн байдалд хүрчихээд байна. Жишээлбэл бид 2012 онд шийдвэр гаргаж  үндэсний үйлдвэртээ тушаасан 1 кг хонины ноос тутамд 2000 өгдөг байсан бол одоо зөвхөн хоршооны гишүүн малчны тушаасан 1 кг ноос тутамд 1000 төг болон буурсан. Эр хонь  гэхэд 200 орчим мянган төгрөг байсан бол одоо ердөө л 80 мянган төгрөгний үнэтэй болсон байна. Өмнө нь хонины арьс 15000 төгрөг байсан бол одоо 1000 төгрөг болсон байх жишээтэй. Үүнийг дагаад малчдын амьдрал хүндэрснийг хөдөө сумдад ажиллаж байхад малчид хэлж байна.

-Малчдын амьдрал хүндэрч байгааг та өөрийн биеэр ирж уулзаж сонсож, мэдэрлээ.Тэгвэл одоо ямар гарц байж болох вэ?

 -Энэ асуудал дээр “Монгол мал” хөтөлбөрөө үргэлжлүүлж хэрэгжүүлсэн бол, эсвэл үүнтэй адил бодлого дэвшүүлсэн бол өмнөх амжилтаасаа ухарч өнөөдрийнх шиг ийм байдалд орохгүй байсан. Үүнд манай намын бүлэг бас дүгнэлт хийж “Энэ Засгийн газрын урагшгүй бодлогоос болж мал, малын гаралтай түүхий эдийн үнэ буурлаа. Үүнийг шийдвэрлэж өгнө үү” гэдэг асуудлыг өнгөрөгч 7 сараас хойш Ерөнхий сайдаас шаардсан боловч энэ асуудал дээр арга хэмжээ авахгүй болохоор нь бид ХХААХҮЯ-ны сайд Р.Бурмаа сайдад асуулга хүргүүлсэн. Асуулга заавал чуулган дээр хэлэлцэгддэг, асуулгын дагуу заавал үр дүн гарсан байх ёстой, ард нь ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол хариуцлагын асуудал яригддаг учраас бид бүхэн Р.Бурмаа сайдыг нэлээн шахсан. Үүний үр дүнд ОХУ, БНХАУ руу мах экспортлох асуудал нэлээд яригдсан боловч харамсалтай нь малын гаралтай өвчин гарсны улмаас энэ ажил зогсонги байдалд орчихоод байна. Сүүлийн үед малын гаралтай өвчин гараагүй бүс нутгуудаас мах экспортлох асуудал нааштай болж ахиц гарч байгаа. Хэрэв шахаж, шаардаагүй бол энэ хүмүүс уг асуудал дээр ингэж хөдлөх байсан эсэх нь эргэлзээтэй. Өвөл бараг талдаа ороод малын үнэ шалдаа уначихсан энэ үед хэдий цаг хугацааны хувьд хожимдсон ч  арга хэмжээ авах гэж байгаа нь сайшаалтай байна.

-Дотооддоо мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг зарж борлуулах, нөөцлөх замаар малчдаа орлоготой болгох боломж бий юу?

-Боломж байлгүй яахав. Манай орны хувьд хоёр том  зах зээл байна. ОХУ-ын хувьд гэхэд дэлхийн эдийн засгийн хоригоос болж гаднаас авдаг махан бүтээгдэхүүнээ авахгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын зах зээл дээр тодорхой хэмжээний махны хомсдол үүсч байгаа. Үүн дээр бид ажиллах боломж байна. Мөн дэлхийд тэргүүлэх зах зээлүүдийн нэг урд хөрш маань байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс маань түүхэндээ хамгийн олон буюу 60 гаруй сая малтай болоод байна. Тиймээс бид мал нядлах үйлдвэр байгуулаад, нядалсан малын махаа боловсруулах, консервлох, савлах үйлдвэр байгуулаад эцсийн бүтээгдэхүүн болгон энэ хоёр улс руу экспортлох том боломж байгаа боловч энэ асуудал дээр Засгийн газар тодорхой арга хэмжээ авч чадахгүй байсаар дотооддоо махны илүүдэлтэй, гадагшаа авдаг улсгүй болчихоод байна. Учир нь өвчинтэй бүс гээд Монголоос мах авдаггүй. Хэрвээ эцсийн бүтээгдэхүүн болгоод, дулааны аргаар боловсруулаад гаргах юм бол дотооддоо махны үнэ буурахгүй байх бололцоо байсан юм. Өөрөөр хэлбэл “Монгол мал” хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлээд малаа эрүүлжүүлээд явж байсан бол малын өвчин гарахгүй. Мал эрүүл нөхцөлд бид малаа хөлөөр нь эсвэл түүхий махаар нь гаргах бололцоо байсан. Миний хэлж байгаа бодлогын алдаа гэдэг бол ердөө л энэ. Үүнээс л болж малын үнэ буурчихаад байна. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ