Дугуйчин Ч.Мөнгөндалай Есөн хөлт цагаан тугандаа мөргөхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-23 13:48:04

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, дугуйчин Ч.Мөнгөндалай нь 2014 оноос эхлэн Монгол орноо дугуйгаар тойрч аялах шантрашгүй их аяллын их замыг нээгээд байгаа юм.

Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй гэж хойшоо суулгүй, эр зориг, авхаалж самбаагаа сорин хүнд бэрх аяллуудын ард гараад байгаа билээ. Ч.Мөнгөндалай нь Монгол орноо 11300 км тойрсон анхны сонсголгүй иргэн болж байгаа юм.

Тэрээр:”Би төрийн ордонд есөн хөлт цагаан тугандаа орж мөргөхийг хүсэж байна. Хүсэлтийг минь хүлээж авна уу? Удахгүй би Хөвсгөл далай явах санаатай. Мөсөн дээр дугуйтайгаа явах бодолтой байна. Миний зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй олон зуун залуучуудаа төлөөлөн дэлхийг тойрч Монголоо дэлхийд тамгалах болно. Хүслээ биелүүлэхийн тулд би маш их хичээж, зүтгэж байна. Монголын төр бидний дуу хоолойг сонсож, дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй биднийг хүн шиг амьдрах нийгмийг хэзээ бий болгох вэ?” хэмээн хэллээ.

Ч.Мөнгөндалай өнөөдөр цор ганцаараа, өөрийн гэсэн орон гэргүй, хааяа найз нөхдийнхөөрөө хоног төөрүүлээд явж байгаа гэнэ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ