МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-23 13:53:56

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн сул орон тоонд нэр дэвшигчдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ. 

Тус Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Д.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссан, Д.Сосорбарам, Б.Цэнддоо нар өөрсдийн хүслээр албан тушаалаа өгсөн учир тэдний оронд гурван хүнийг нэр дэвшүүлэх шаардлагатай болжээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, "Цахим өртөө" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш С.Санасэр, "Икэл сан" ТББ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Соёл-Эрдэнэ нарыг дээрх орон тоонд нэр дэвшүүлсэн байна. 

Нэр дэвшигчдийг томилох асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. Гишүүдийн зүгээс Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдэд хандан МҮОНРТ-ийн нийтлэл нэвтрүүлгийн бодлого, агуулгаас улс төржилтийг хол байлгах, эрх баригч намаас хараат бус байх асуудлыг онцгой анхаарч ажиллах, МҮОНРТ-ийн хуулийг гажуудуулахгүй, доголдолгүй мөрдөх, байгууллагын төсвийг зөв зохистой зарцуулах шаардлагатай гэдгийг захиж байв. Мөн нийтлэл нэвтрүүлгийг үндэсний соёл, уламжлалаа хадгалсан хэлбэрээр явуулж, дотоодын бүтээсэн нэвтрүүлэг, киног түлхүү гаргах хэрэгтэйг хэллээ.  

Ингээд гишүүд санал хэлж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан завсарлаж, үдээс хойш санал хураалт явуулах болов. Үүний дараа Сонгуулийн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Су.Батболд нарын 7 гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлнэ. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ