Сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-23 16:02:33

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны үдээс хойшхи хуралдаан 14.40 цагт 89.5 хувийн ирцтэй эхэллээ. 

Хуралдааны эхэнд санал хураалт явуулж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох асуудлыг 100 хувийн саналаар дэмжив. Дараа нь Сонгуулийн нэгдсэн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга нэг, одоо мөрдөж буй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хоёр хэлбэрээр өргөн баригдсан. Үүнийг ажлын хэсэгт хэлэлцэн Р.Бурмаа нарын 16 гишүүний өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд суурилан гурван хуулийг нэгтгэн төсөл бэлтгэн байнгын хороонд оруулж байгаа. Харин хэлэлцүүлэг эхлэхийн өмнө Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлагчдын нэг О.Баасанхүү "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслөөс нэг ч зүйл заалт нэгтгэсэн хуульд оруулаагүй байна гээд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв. Д.Тэрбишдагва гишүүн "намууд зөвшилцөлд хүрэх хэрэгтэй гэсэн ч Эвслийн бүлэг, МАХН, МҮАН, ИЗНН-тай зөвшилцөөгүй, зөвхөн АН, МАН хоорондоо тохиролцож хуулийн төсөл оруулж ирж байна гэсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл мөн л ИЗНН-ын оруулсан саналыг тусгаагүйг шүүмжлэв. Эдгээр шүүмжлэлийг үндэслэн Н.Батбаяр гишүүн байнгын хорооны хуралдааныг хойшлуулж, ажлын хэсгийг хуралдуулан орхигдсон хуулийг нэмж хэлэлцэх санал гаргав. Харин ажлын хэсгийг ахалж байгаа А.Бакей гишүүн "Хэлэлцүүлээгүй, саналыг нь тусгаагүй орхисон хууль байхгүй. Эвслийн бүлгийнхний өргөн барьсан хуулиас гарсан саналаар санал хураалгасан. Дэмжигдээгүй нь ороогүй. Дэмжсэн гурван заалт орсон" гэж хариулав. 
Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Одоо гишүүд хуулийн төслүүдтэй холбогдуулан санал хэлж, асуулт асууж байна. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ