“Ганга нуурын чуулган-2015” болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-10 19:13:31

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд энэ сарын 5-6-ны өдөр “Ганга нуурын чуулган-2015” түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүд болж өнгөрлөө.

Тус чуулган нь Монголын экологи, нүүдлийн соёлыг дэлхий дахинд танилцуулах томоохон үйл явдал боллоо. Өнөө жилийн чуулганы онцлог нь нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт зүйл болох хүрээлэн байгаа орчин, уул устайгаа зохистой харилцдаг өв уламжлалыг сэргээх, ялангуяа ширгэх аюулын ирмэгт тулж ирээд Ганга нуураа хамгааалахад гол анхаарлаа хандуулсан явдал байлаа. Экологич доктор, профессор С.Чулуунхуяг, геологич доктор Ч.Хурц, ургамал судлаач, доктор Ц.Жамсран, химич, соёл судлаач профессор Г.Гонгоржав, нийгэм, улс төрийн зүтгэлтэн, гавьяат эдийн засагч Ж.Гомбожав, ойн инженер Д.Дашдаваа, гавьяат багш Ш.Оюун, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн систем судалгааны төвийн захирал доктор профессор Б.Болдсайхан, “Нью Жуулчин Турс” группын ерөнхийлөгч Ш.Нэргүй, зохиолч Л.Одончимэд, зохиолч Г.Мэнд-Ооёо болон орон нутгийн удирдлагууд, аймгийн Байгаль орчны газрын ажилтнууд, "Жаахан шарга" театрын уран бүтээлчид, нутгийн иргэд Ганга нуурынхаа хөвөөн дээр нутгийн олонтой санал бодлоо солилцсоны үндсэн дээр "Ганга нуурын чуулганы уриалга” гаргалаа.

ГАНГА НУУРЫН ЧУУЛГАНЫ УРИАЛГА

Уриалгад, "Эдүгээ цаг үед манай дэлхийд нүүрлээд байгаа байгаль экологийн хувьсал болох дулаарал, хуурайшил Дарьганга нутагт хүчтэй нөлөөлж буйн зэрэгцээ хүний буруу үйл ажиллагааны улмаас Ганга нуурын ус татран багасаж аюулын харанга дэлдээд байна. Ганга нуурын байдал түгшүүртэй байгаа энэ үед Дарьганга нутгийн түүх, соёл, байгаль экологийн өв уламжлал, нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хамгаалах, арвижуулан дэлгэрүүлэх зорилгоор “Ганга нуурын чуулган” төслийг эхлүүлээд байгаа бөгөөд байгаль дэлхийтэй харилцах монгол зан үйл, ёс уламжлалыг сэргээж, ирээдүй хойчдоо уламжлуулах нь нуур ус амгалан байхын эх үндэс мөн билээ. Ганга нуур юунаас болж аюулын ирмэгт тулж ирсэн бэ? гэсэн асуултад эрдэмтэн судлаачид дүгнэлт өглөө. Манай дэлхийд болж буй хуурайшил, дулаарал экологийн өөрчлөлттэй холбоотой боловч хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаар нуурын ус татран ширгэж байгааг онцоллоо. Ганга нуур орчимд нутаглах айл, малын тоо хэт олширч эрэг хөвөөний бут бургас, ургамлыг хомсдуулж байна. Үүний улмаас элсний нүүдэл Ганга нуурын ёроолд хуралдан зузаарсаар усны төвшинг багасгаж байна. Ганга нуурыг тэжээдэг булгуудын ундарга татарч Оргихын булгаас бусад нь ширгэсэн байна. Малын шивтэр өтөг нуурын усыг замагтуулан өтгөрүүлж ширгэх явцыг түргэсгэж байна. Ганга нуурыг зорих эмх замбараагүй хэсүүл аялагчид мухар сусгээр ус булагт элдэв идээ будаа амттан шимттэнг цацаж хог тарьж ус ургамал, хөрсийг бохирдуулж гайхамшигт Ганга нуур ширгэх аюулын ирмэгт тулж ирээд байна. Иймд Ганга нуураа авран хамгаалахад юу хийвэл зохистой талаар чуулганд оролцогсод нухацтай хэлэлцээд дараах зөвлөмжийг гаргаж байна: • Ганга нууранд хэт ойр нутагладаг айлуудыг тодорхой хугацаагаар өөр газарт нүүлгэх. Ингэхдээ бэлчээрт нь гүний худаг гаргаж өгч ундны асуудлыг нь яаралтай шийдвэрлэх. • Ганга нуурыг бүрэн сэргэх хүртэл тойруулан бат бөх хашаа хамгаалалт хийж, байнгын харуул ажиллуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх • Нуурыг ширгээж буй хэвийн хэмжээнээс хэтэрсэн замгийг олон нийтийн дэмжлэгтэйгээр яаралтай цэвэрлэх. • Ганга нуур луу чиглэсэн олон салаа замыг журамлах, баталгаатай замаар зорчиж хэвшүүлэх. • Ганга нуур орчимд мод сөөг тарьж ургуулан улмаар ойн зурвас байгуулж, экологийн таатай орчин буй болгох. • Ганга нуурын усны түвшинг механик аргаар нэмэгдүүлэх боломжийг судалж үзэх. Эдгээр арга зам боломжууд байгааг анхааралдаа авч нуур усаа авран хамгаалах ажлыг хойшлуулалгүй эхлүүлэхийг Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын Яам, Орон нутгийн төр захиргааны байгууллагууд, нийт Монголчуудад хандан сонордуулж байна. "Ганга нуурын эко системийг сэргээн хамгаалах" төслийг яаралтай боловсруулан хэрэгжүүлж эхлэх, олон нийтийн хөдөлгөөн, томоохон аян өрнүүлэх, Төр засаг болон Олон Улсын Байгууллагуудаас дэмжлэг авах нь зүйтэй гэж Ганга нуурын чуулганд оролцогчид санал нэгтэй үзлээ. Монгол эх орны цэнхэр сувд болсон ГАНГА НУУРАА хамгаалахад Монгол Улсын төр засаг, нийт ард түмэн хүч бололцоогоо нэгтгэн нэн яаралтай шамдахыг уриалж байна" гэжээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Болдсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд