“Ховдын мэдээ” сонин оны онцлох 10 үйл явдлыг нэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-30 11:40:36

"Ховдын мэдээ" сонин жил бүр аймгийнхаа онцлог 10 үйл явдлыг уншигчдынхаа саналаар онцлон нэрлэдэг уламжлалтай. Энэ жил тус сонины уншигчид  төдийгүй “EKHORON 21.MN” сайт болон цахимд хуудсанд  нийтлэгдсэн аймгийнхаа мэдээллээс хамгийн олон иргэдийн  санал авсан онцлог 10 үйл явдлыг нэрлэж байна.

1.Уулын хүн МУГТ  Т.Гүррагчаа Эверэстийн ноён оргилд 

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын гавьяат тамирчин, Онцгой байдлын газрын сургагч багш Т.Гүррагчаа Дэлхийн зулай болсон Эверестэд 2015 онд авирснаар монгол төдийгүй дэлхийн сонорт хүрсэн онцгой үйл явдал байлаа.

2.Малын тоо өслөө

2015 онд 2,625 мал тоолуулж, өнгөрсөн оныхоос 384,2 мянгаар өсч, 2015-2016 оны аймгийн хэмжээнд 17 сумын 91 багт нийт 8697 малчин өрхийн 2901,1 мянган мал, хонин толгойд шилжүүлснээр 4220,8 мянган мал өвөлжиж байна.
Энэ жил малын тоо өсч, мал махны ханш анх удаа  буурсан нь малчдад халтай, мах худалдан авагч суурин газрынханд ашигтай жил боллоо.

3.”Ховд аймгийн өдрүүд 2015” Улаанбаатар хотноо болов

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  тогтоолоор “Улаанбаатар хотод Ховд аймгийн өдрүүд”-ийг зохион байгууллаа. Чингисийн талбайд угсаатны бүлгүүдийн өв соёлын тоглолтоор нээлт хийж, “Өндөр алтайн аялгуут дуулал цэнгүүн зохион байгуулан, уран зураг, гэрэл зураг, ном, музейн үзмэрийн үзэсгэлэн гарган, ХДТ-ын “Галдан бошигт хаан туульсын дуулалт жүжиг”, “Алтайн эгшиглэн” концерт, Ардын авьяастны “Цаст алтайн домог” тоглолтыг Нийслэлчүүддээ өргөн барилаа.
 “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, “Ховд аймаг-Монгол Улсын хөгжлийн баруун үүд” шинэ гарц, шинэ боломж хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийт 120 нэр төрлийн 160 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдхүүн худалдаалагджээ.

4.Архивын улсын үзлэгээр 95,68 хувьтай “маш сайн” дүн авчээ

Ховд аймагт Улсын архивын  үзлэг байгууллагын архивын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд мэдээллийн технологи нэвтрүүлж байгаа байдал, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн дөрвөн чиглэлээр явагдсан юм.
Ховд аймаг “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт "-ийн улсын үзлэгээр 95 ,68 хувьтай маш сайн дүнтэй шалгагдлаа. Энэ үзүүлэлт нь улсын архив, албан хэрэг хөтлөлт төрийн байгуулалтын үйл ажиллагаа хангалттай түвшинд явагдаж байгааг илэрхийллээ.

5.БОЭТөв Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжавын нэрэмжит боллоо

Ховд аймгийн эрүүл мэндийн салбар 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэж, Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төв гадна орчны бүтээн байгуулалтаа сайжруулж, зам харгуй, ногоон байгууламж, машины зогсоолуудыг шинэчилж, иргэд амарч суух тав тухтай орчин бүрдүүллээ.
Түүхт 90 жилийн ойн дараахан Ховд аймгийн ИТХ-ын шийдвэрээр Ховд аймгийн БОЭТ-/Бүсийн оношилгоо эмчилгээний төв/ -ийг Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, гавьяат эмч Шинжлэх ухааны доктор профессор, Ази тивийн шилдэг мэс засалч, академич Н.Баасанжавын нэрэмжит болгов.

   6.Ажилтай орлоготой  бүхэн  орон сууцтай болох нөхцөл бүрдлээ

Ховд аймаг 70 жилийн түүхэнд 1247 айлын орон сууцтай байсан бол сүүлийн 3 жилд 1235 айлын орон сууц шинээр баригдаж 2015 онд 2482 айлын орон сууцтай боллоо. Ийн ажилтай орлоготой хүн бүр орон сууцанд тохилог амьдрах нөхцөл бүрдлээ.

7.Замын бүтээн байгуулалт улам тэлж байна

1973-2010 оны хооронд тус аймагт 75.6 км хатуу хучилттай авто зам баригдсан байна. Харин 2011-2015 оны хооронд 955.4 км хатуу хучилттай авто зам баригдаж, 2016 он гэхэд аймгийн хэмжээнд баригдсан хатуу хучилттай авто замын нийт урт 1115.4 км болох юм.
Монгол Улсын хэмжээнд баригдсан 5000 гаруй км хатуу хучилттай авто замын 20 орчим хувь буюу 5 км тутмын 1 км зам нь Ховд аймагт байна.

8.”Галдан бошигт хаан” дуулалт жүжиг гран при хүртлээ

Драмын урлагийн шилдэгүүдийг шалгаруулах олон улсын” Гэгээн муза-12” наадамд  9 орны 300 гаруй уран бүтээлч оролцож Ховд аймгийн Хөгжимт драмын  театр “ОХУ-ын Буриадын театр, ӨМЗО-ны Драмын театр, Монголын Драмын эрдмийн театр дуулалт жүжгийн төрөлд өрсөлдлөө.
“Гэгээн Муза-12” наадамд амжилттай оролцож, Н.Сүхдоржийн зохиол “Галдан бошигт хаан” туульсын дуулалт жүжгээр 7 номинацийн 3-д нь тэргүүн байр эзэлж, Гран-при шагнал хүртлээ.

9.Элсэлтийн ерөнхий шалгалтаар 21 аймгаас 3 –р байр эзэллээ

2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 24 сургуульд урьдчилсан байдлаар 694 бүлэгт 18341 хүүхэд суралцаж, суурь боловсролын хамран сургалт 97,2 хувьд хүрч, 21 аймгуудаас элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийн дундаж оноо 2014-2015 оны хичээлийн жилд 516,7–д хүрч улсад 3-р байр эзэлж сайхан  амжилт үзүүллээ.

10. Шатахууны үнэ анх удаа хямдарлаа

Ховд аймгийн болон баруун бүсийн аймгуудын ард иргэд, ИТХ, Засаг дарга, УИХ-ын гишүүдийн удаа дараагийн хүсэлт, санал санаачилгыг Монгол Улсын Засгийн газраас дэмжиж бензин, шатахууны үнийг 1990 оноос хойш анх удаа Улаанбаатар хоттой ойролцоо үнийн тогтолцоонд шилжүүлэх түүхэн шийдвэр гаргалаа.
2015 оны 15.12.07 ны өдөр Ховд аймагт шатахууны үнэ буурч  Улаанбаатар хотын үнээс 30 төгрөгийн зөрүүтэй болж хямдарлаа. Эдийн засгийн хямралыг давахад чухал нөлөө үзүүллээ.   
А-80 бензин нэг литр нь  1760 төгрөгийн үнэтэй байсан бол 180 төгрөгөөр, А-92 бензин нэг литр нь  2090 төгрөгийн үнэтэй  байсан бол 1690, дизель түлш  литр нь 2090 төгрөг байсан бол 1820 төгрөг болж буурлаа.

А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ