Гэмтнүүдэд дөрвөн жилийн дараа ял оноосон шүүхэд баярлаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-31 12:52:36

Нийслэлийн БЗД-ийн 18 дугаар хорооны иргэн Б.Баттулгын хүү 2011 онд бусдын гарт амь насаа алдсан хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр саяхан шийдвэрлэжээ.

Шүүх хуралдааны шийдвэрт талийгаачийн аав Б.Баттулга баярлаж байгаагаа хэлж байв.

2011 онд гарсан хэрэг 2015 онд шийдвэрлэгдсэний учрыг түүнээс асуухад "Би бүлэг гэмт этгээдүүдийн гарт 27 настай хүүгээ алдсан хүн байгаа юм. 2011 оны 02 дугаар сарын 17-нд гурав дахь хүү маань хүнд дээрэмдүүлж, хэрцгийгээр зодуулж эзгүй хээр хаягдсан байсан. Тухайн үедээ эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй нас барсан. Ингээд хууль хяналтын байгууллагынхан уг хэргийн эзэн холбогдогчийг нь олохгүй хоёр жил гаруй эрэн сурвалжилж, шалгаж явсаар 2013 онд хэргийн сэжүүрийг олж сэжигтнүүдийг баривчилсан. Уг хэргийг бүлэг этгээд үйлдсэн байсан. Улмаар 2014 оны сүүлээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан болсон ба анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхээс нийт гурван  удаа мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлээр уг хэрэг буцсан. Дахин  үргэлжлүүлэн шалгасаар энэ оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Гансүхийн  даргалсан шүүх хуралдаанаар эцсийн шийд гарсан юм. Тухайн үед  хэрэг илрэхгүй, хэрэгтэн олдохгүй итгэл найдвар маань тасрахын үед цагдаагийн мөрдөн байцаагч сайн ажиллан бүлэг этгээдийг олж зохих шийтгэлийг оноосон. Ноцтой хэргийг  анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийг дамжсаар хэрэгтнүүдэд зохих ялыг оноосонд баярлаж байна" гэж ярилаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ