Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр тайланг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-05 17:01:07

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн Ажлын хэсгийн 50 дугаар хуралдаан энэ сарын 3-14-нд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо хуралдаж байна.


Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр тайланг энэ сарын 4-нд хэлэлцүүллээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 60/251 тоот тогтоолд үндэслэж НҮБ-ын гишүүн улсууд өөрийн орны хүний эрхийн нөхцөл байдал, нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийн тайлангаа Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлдэг. Манай улс анхны тайлангаа 2010 онд, удаахыг 2015 онд, гуравдугаар тайланг 2020 онд тус тус хэлэлцүүлж байв.


Энэ удаагийн хуралдааныг Хүний эрхийн зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч Разван Рузу даргалж, 78 улсын төлөөлөл үг хэлэв. Үг хэлсэн улсын төлөөлөгчид Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр тайланг хэлэлцүүлж байгаад талархал илэрхийлээд, өнгөрсөн жилүүдэд тодорхой ахиц гаргасныг цохон тэмдэглэв. Мөн дараагийн жилүүдэд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмжүүдийг өглөө.


Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн бүрэлдэхүүн нь гишүүн улсуудаас өгсөн асуулт, зөвлөмжүүдэд хариу өгсөн юм.


Улс орнууд хүүхдийн эрх, хүүхдийн хөдөлмөр, ахмад настны эрх, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, ЛГБТКюАй хүмүүсийг ялгаварлан гадуурхалтаас хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл, агаарын бохирдол, жендэрийн тэгш байдал, шүүхийн хараат бус байдал, авлигатай тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөж хэлэлцэв. Цаашид Гадаад харилцааны яам хүлээн авсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг холбогдох байгууллагатай хамтран боловсруулж, Засгийн газраас батлуулахаар төлөвлөж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ