ӨВӨРХАНГАЙ: Уртын дууг аялгуу талаас нь айзам, суман, бэсрэг хэмээн ангилдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-11-05 16:50:19

Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/.  Уртын дуу бол амьсгааны урлаг юм. Үгийн өргөлт, уртасгал дээр уртаар аялгуулж, ингэхдээ төвөнх хоолойн оролцоотойгоор олон янзын эгшиг үүсгэн хүнгэнүүлж, хангинуулж, цангинуулж, шуранхайлж дуулах урлагийг уртын дуу гэнэ.


Монгол уртын дууг 2000 гаруй жилийн тэртээ Хүннү гүрний Модун Шанью хааны үед үүссэн тухай домог хятад эх сурвалжид байдаг байна. Түүнчлэн Эртний сайхан” хэмээх дууг Чингис хааны төр улсын үеийн анхны төрийн дуулал гэж үздэг.


Одоогоор судлаачдын тэмдэглэснээр 6000 мянга гаруй уртын дуу байдгаас идэвхтэй дуулагдаж байгаа нь 60 орчим юм. Агуулга талаас нь магтаал, түүх, аж байдал, уянгын, сургаалын хэмээн төрөлждөг бол ая, хөгжим талаас нь айзам, суман, бэсрэг хэмээн ангилдаг ажээ.


Мөн нутаг, нутгийн онцлог, хэл, аялгуугаас хамааран ар халх, дөрвөд, дарьганга, буриад гэх дөрвөн төрөлд хуваадаг. Ар халхын уртын дуу хамгийн өргөн тархсан байх ба дотроо төв халх, баянбараат, боржигон хэмээх төрөлтэй.


Аймгийн соёл урлагийн байгууллагаас төв халхын уртын дууг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлах чиглэлээр тодорхой ажлуудыг хийсээр ирсэн юм. МУГЖ С.Сумъяагийн нэрэмжит уртын дуучдын аймгийн уралдааныг 2004 оноос, Сайн ноён хан аймгийн уртын дууны уралдааныг 2012 онд, “Бурхдын шуранхайтай нутаг” шарга нутгийн дууны өвийг хамгаалах уралдааныг 2013, 2015, 2017, 2019 онд, Төв халхын уртын дууны уралдааныг 2022 онд зохион байгуулж байв.


Мөн Монгол Улсын шилдэг өвлөн уламжлагч Д.Дулмаа, Сайн ноён хан аймгийн дууч, хуурч Ш.Янгив, Есөнзүйл сумын уртын дуучин Ш.Чимэдравдангийн нэрэмжит уртын дууны уралдаан, “Уртын дуугаа дээдлэн дэлгэрүүлцгээе” аяныг тус тус зохион байгуулжээ.



Цаашид зарим уралдааныг улсын чанартай болгон өргөжүүлэх, нутгийн онцлогтой дууг хадгалах, өвлүүлэх, мартагдсан дууг судалж сурвалжлах, сэргээхэд бодлогын хэмжээнд анхаарах шаардлага байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.


Ташрамд, Өвөрхангай аймгаас МУУГЗ С.Цоодол, МУГЖ Д.Баттөмөр, Д.Түвшинжаргал, С.Сумъяа, МУСТА Д.Дулмаа, Д.Жавхаасайхан, Д.Ганбаатар, М.Дүгэрсүрэн, Н.Цэцэгсүрэн гэхчлэн уртын дууны олон арван алдартнууд төрөн гарсан байна. 

Холбоотой мэдээ