Сэлэнгэ аймагт инженерийн анхны анги шинээр нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-02 22:30:30

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЕББД сургуулийг түшиглэсэн орчин үеийн шаардлагад нийцүүлэн, иж бүрэн тохижуулсан “Инженерийн анги”–ийг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа шинэ оны босгон дээр боллоо.

 Тус ангийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат санаачлан “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас санхүүжүүлэн байгуулсан байна.  “Шинэчлэлийн Засгийн газрын боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, хүнлэг иргэн болгон төлөвшүүлэх, ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох, сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд чиглүүлж, уг ангийг нээлээ” хэмээн АҮ-ийн сайд онцоллоо. Энэхүү үйл ажиллагааг тус сургуулийн захиргаа, нийт багш, ажилчид, сурагчид, эцэг эхчүүд талархалтайгаар хүлээн авсан юм.  

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Нэмэхбаяр, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Ерөнхий захирал Д.Батжавхлан, Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал К.Энхчулуун, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга А.Баттөр, Стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Ганбаяр, мөн хэлтсийн судалгаа хөгжлийн шинжээч Л.Тулга, Баянгол сумын Засаг дарга Б.Энхбат, Баянгол сумын АН-ын дарга М.Бямбаа, Сумын ИТХ-ын тэргүүлэгч Р.Батжаргал, Сургуулийн захирал Д.Сарангэрэл болон багш, ажилчид, эцэг эхийн, сурагчдын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Стратеги төлөвлөлтийн хэлтсийн судалгаа хөгжлийн шинжээч Л.Тулга “Инженерийн анги”-ийн дотоод бүтэц, зохион байгуулалтын талаар таницуулга хийлээ. Мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат багш нартай уулзаж, сурагчдад боловсролын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, олгоход цаашид ч дэмжиж хамтарч ажиллахаа амалсан. Нээлтийн үйл амжиллагааны үеэр сурагчдын “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд сурч хөгжсөн үйл ажиллагааг мөн ирсэн зочид үзэж сонирхлоо. 

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ