СЭЛЭНГЭ: Аймгийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-04 21:15:28

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаан өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд боллоо.

 

Хуралдаанөөр аймгийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Мөн “Багш–сурагч солилцоо”, “Сургалтын байгууллага, тоног төхөөрөмж–2”, “Сүү”, “Сэлэнгэ хувьсгалын өлгий нутаг”, Эрүүл мэндийн салбарын “Чадварлаг эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн” хөтөлбөрүүдийг хэлэлцлээ.

 

Төлөөлөгчдийн олохнийн саналаар “Сүү”, “Чадварлаг эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн” хөтөлбөрийг улам сайжруулж, эдийн засгийн тооцоо судалгааг нарийвчлан гаргаад дахин хэлэлцэхээр хойшлууллаа.

 

Харин “Багш–сурагч солилцоо”, “Сургалтын байгууллага, тоног төхөөрөмж–2”, “Сэлэнгэ хувьсгалын өлгий нутаг” хөтөлбөрийг дэмжин баталлаа.

 

“Сургалтын байгууллага, тоног төхөөрөмж–2” хөтөлбөрийн хүрээнд Стандартын шаардлага хангасан сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангах нэгдсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлснээр сургалтын таатай орчныг бүрдүүлж, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэхэд тодорхой ахиц гарна хэмээн үзэж байгаа юм.  


“Багш–сурагч солилцоо” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Политехник коллежийн удирдах ажилтан, багш нар, оюутан, суралцагчид гадаадын болон дотоодын их, дээд сургууль, аймаг, орон нутгийн сургуулиудад харилцан туршлага судлуулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд гол зорилго нь чиглэж байна.  

 

Дээрх хөтөлбөрийн үр дүнд удирдах ажилтан, багш нарын мэргэжлийн шилдэг туршлага, арга зүй, ур чадвараас харилцан суралцах бүрэн боломж нээгдэх юм. Мөн сайн туршлагыг өөрийн сургууль, цэцэрлэгтээ нэвтрүүлж, өөрсдийн арга туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэх юм.


Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсан суралцагчийн гадаад хэлийг сонирхон судлах, дэлхийн түвшний боловсрол эзэмших, мэргэжлийн чиглэлээ сонгох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, зөв иргэн болон төлөвшиж, эелдэг найрсаг харилцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, өөрөө өөртөө эзэн байхад суралцана.


Мөн шинэ орон нутагтай танилцан, ард түмний зан заншил, соёл, тогтвортой хөгжлийн боловсролын мэдлэг, чадвар, үзэл хандлага төлөвшиж, бусад орны хүүхэд залуучуудаас суралцаж, “Монгол хүн” гэдгээрээ бахархах үзэл, хандлагатай болох гээд олон давуу талтай юм.

 

Холбоотой мэдээ