Р.Мандах: Байгаль хамгаална гэдэг бол ширээний ард суугаад хийдэг ажил биш

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-10 21:53:46

Увс аймгийн Бөхмөрөн сумын байгаль хамгаалагч Р.Мандахтай тус суманд хийгдэж байгаа тусгай зөвшөөрөлтэй ан агнуурын талаар ярилцлаа. “Аргалын Мандах” хэмээн алдаршсан энэ хүнтэй ярилцахад ажлаа арван хуруу шигээ мэддэг нь андашгүй байв.

-Тусгай зөвшөөрөлтэй ан агнуур танай суманд хийгддэг. Тэгэхээр энэ ажил хэдийнээс эхэлсэн бэ? Одоогоор хэчнээн угалз агнаад байна?

-2013 оноос эхэлэж угалз агнах ажлыг зохион байгуулж байна. Байгаль орчны яамнаас Бөхмөрөн суманд угалз агнах тусгай зөвшөөрөл олгосны дагуу өнгөрсөн гурван жилийн хугацаанд зургаан угалз агнаад байна. Ан агнуурын төлбөрөөс орсон орлогын 50 хувийг тухайн орон нутагт, үлдсэнийг нь Байгаль хамгаалах сан буюу БОХ санд төвлөрүүлдэг. БОХ санд төвлөрсөн мөнгийг зарцуулахдаа Засгийн газрын 43-р тогтоол болон аймгийн журмын дагуу зарцуулж ирсэн.

- Бөхмөрөн сумын аргаль угалзын тоо толгой хэр өсч байна?

-2005 оноос Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын байгаль хамгаалагчаар ажиллаж эхлэсэн. Тухайн үед манай сумын аргалийн тоо толгой 200 орчим байсан бөгөөд хууль бус ан агнуурт өртөж, жилээс жилд тоо толгой нь буурч байсан. Гэвч Дэлхийн байгаль хамгаалах сангийн төсөл хэрэгжиж эхэлснээр малчид сайн дураараа байгаль хамгаалах нөхөрлөл байгуулан ажиллаж, аргаль угалзыг ард иргэдийн оролцоотойгоор хамгаалах болсноор одоогоор 2000 орчим болж өсөөд байна. Аргалийн эрийг нь угалз, эмийг нь хомь, төлийг нь хурга гэдэг бөгөөд зөвхөн угалзыг агнах тусгай зөвшөөрол олгодог. “Гулзат” тусгай хамгаалалттай газар нутаг нь Сагил, Бөхмөрөн сумын нутгийг дамнан оршдог бөгөөд 216.7 мянган га газрыг хамардаг. Мөн энэ бүс нутагт ховор амьтадын тоонд багтдаг хар сүүлт нутагладаг. 2005 онд 10 гаруйхан байсан хар сүүлт маань одоо 150 гаруй болж өсөөд байна. Үүнээс гадна зэгсний гахай, гургуул 2005 оны үед бараг дуусч байсныг байгаль хамгаалах нөхөрлөлүүдийнхээ тусламжтайгаар хамгаалах болсноор одоо тоо толгой нь өсөөд байна.

-Танай суманд байгаль хамгаалах чиглэлийн хэчнээн нөхөрлөл байна. Тэдэнтэйгээ сумын зүгээс хэрхэн хамтран ажилладаг вэ?

-“Гулзат” орон нутгийн хамгаалалттай газарт 7, ойн сан, хадлангийн бүсэд 4, тусгай хамгаалалттай газар нутагт 1, нийтдээ 12 нөхөрлөл манай суманд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нөхөрлөлд манай сумын 156 өрхийн 380 иргэн хамрагддаг. Нөхөрлөлийн гишүүд маань сумын ЗДТГ-тайгаа хамтраад ховор, нэн ховор ан амьтадын нутагладаг бүс нутагт хужир шүү, давс, өвс тэжээл хүргэж тавих, ан амьтны тооллого явуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг. Нөхөрлөлийн гишүүд маань байгаль орчноо хамгаалах, нутаг усаа онгон дагшинаар нь байлгаж хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн баялагийг зүй зохистой ашиглаж амьдрал ахуйдаа тус нэмэр болгох тал дээр өнгөрсөн хугацаанд идэвхи санаачилгатай ажиллаж ирсэн. Үүний үр дүнд сумын ховор, нэн ховор ан амьтан, ургамал, жигүүртэн шувуудын тоо толгой өсч, нөхөрлөлийн гишүүдийн амьдрал ахуй ч тодорхой хэмжээгээр дээшилж байна. Өнгөрсөн онд “Мянган аргал”-ын баяр хийсэн. Энэ үеэр нөхөрлөлүүдийн анхдагч гишүүдийг шагнаж урамшуулж, 6 насны морьд уралдуулж, хүчит бөхийн барилдаан хийсэн. Мөн нөхөрлөлүүдийн үйлдвэрлэсэн сүү цагаан идээ, ноос ноолууран бүтээгдэхүүн, суран эдлэл, гэр ахуйн хэрэглэл, эсгий зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явуулж, шилдгүүдийг шалгаруулан шагнаж урамшуулсан.

2015 оноос идэвхтэн байгаль хамгаалагч нарыг урамшуулах ажлыг эхлүүлж, улирал бүр 100 мянган төгрөгийг зургаан хүнд өгч байна. Нөхөрлөлүүдийн бэлдсэн өвсийг БОХ сангийн мөнгөөр худалдан авч, өөр өөрсдийнх нь хариуцаж ажилладаг хар сүүлт, аргаль угалз нутагладаг бүс нутагтхүргэх ажлыг зохион байгуулдаг бөгөөд энэ ажлыг гүйцэтгэсэн нөхөрлөлийн гишүүд, идэвхтэн байгаль хамгаалагч нарыг урамшуулдаг. Өнгөрсөн онд 8 тн давс, 8 машин өвсийг аргаль, угалз, хар сүүлтийн бүс нутагт хүргэж байршуулсан.

 Манай сумын нөхөрлөлүүд Монгол Улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйцаар ажиллаж байгаа. Байгаль хамгаална гэдэг бол ширээний ард суугаад хийдэг ажил биш. Харин ард иргэдтэйгээ хамтран ажиллаж, байгаль хамгаалах үйлсэд тэдний оролцоог бий болгосноор үр дүнд хүрч болдогийн бодит жишээг манай сумаас харж болно. Бидэнтэй хамтран ажиллаж ирсэн бүх нөхөрлөлүүддээ баярлалаа гэж хэлье. Мөн дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд баярласнаа илэрхийлье.

-Танд баярлалаа. 

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ