БАЯНХОНГОР: Ардын багш С.Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дулам Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.
С.Дулам 1950 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг Бүлээн хэмээх газар төрсөн бөгөөд 1958-1962 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын бага сургууль, 1962-1968 онд Баянхонгор аймгийн Байдрагийн дунд сургуульд тус тус сурч, 1968-1973 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг төгсжээ. 1973 оноос МУИС-д багш, тэнхимийн эрхлэгчээр 43 жил ажиллаад, тэтгэвэрт гарсны дараа СУИС-д тэргүүлэх профессороор ажилласан бол 1985-1987 онд Францын Парисын Дорно дахины хэл иргэншлийн дээд сургуульд монгол хэл, соёлын зочин профессороор ажилласан байна. Мөн Страссбургийн их сургууль, Германы Бонны Их Сургууль, Их Британий Кембрижийн Их Сургуульд уригдан лекц уншиж байсан эрдэмтэн юм.
1982 онд Москвад ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд “Монгол домог зүйн дүр, утга зохиолын уламжлал” сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтний (Ph.D) зэрэг, 1997 онд “Монгол аман зохиол, утга зохиол дах бэлгэдэл зүйн тогтолцоо” сэдвээр хэл бичгийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг Буриадын нийгмийн шинжлэх ухааны институтэд хамгаалжээ.
“Монгол домог зүйн дүр”, “Цагаан сарын бэлгэдэл”, “Дархад бөөгийн уламжлал”, “Монгол домогзүйн бичвэр”, “Монгол нүүдлийн ёс, бэлгэдэл”,"Монгол бэлгэдэл зүй" 4 боть, "Монгол соёл иргэншлийн утга тайлал", "Чингис хааны төрийн бэлгэдэл", "Монгол аман зохиолын онол" I, II (Г.Нандинбилигийн хамт) зэрэг нэгэн сэдэвт зохиол, “Уран зохиолын онолын үүд”, “Дорно дахины уран зохиолын үүд”, "Монгол соёл иргэншил судлал" зэрэг сурах бичиг, гарын авлага зохиосон.
1999 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2005 онд Академич Б.Ринчений нэрэмжит шагнал, 2005 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, 2017 онд Монгол Улсын Ардын багш цолоор тус тус шагнуулсан байна.
Ташрамд, Доктор, профессор С.Дулам 2022 оны наймдугаар сарын 5-ны өдөр буюу Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жил, Хангайн бүсийн их хурд даншиг наадмын үeэр төрөлх нутгийнхаа Хөгжимт драмын тeaтрын урын санд "Хөх нуурын домог" бүтээлээ хүндэтгэл илэрхийлэн бэлэглэсэн бөгөөд тус тeaтр дээрх бүтээлээр бүжгэн жүжиг хийхээр төлөвлөж, уран бүтээлийн бэлтгэл ажлыг хангаад буй. С.Дуламын цомнол "Хөх нуурын домог" контeмпорари этник бүжгэн жүжиг өнөөдөр тайзнаа тавигдаж байгаа юм.
Улаанбаатар