Ирвэс хамгаалагч залуугийн амь настай холбоотой хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулах үүрэг өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭӨнөөдөр Нийслэлийн прокурорын газар ирвэс хамгаалагч залуугийн амь настай холбоотой хэргийн ажиллагаанд хяналт тавьж, харъяаллыг тогтоож, хэргийг шуурхай шалгах талаар үүрэг, чиглэл өгөв.
"Ирвэс хамгаалах сан”-ийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл гэгч залуу өнгөрөгч оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод байх гэрээсээ гараад сураггүй болж, 6 хоногийн дараа цогцос нь Хөвсгөл нуурын ойролцоох “Балчиргант” гэх газраас живсэн байдалтай олдсон. Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлэн шалгаж байна. Хэрэг ээдрээтэй болсоор байгаа тул олон нийт цагдаагийн байгууллагын ажиллагааг шүүмжилж байгаа.
Талийгаачийг мөн өнгөрсөн оны 4 дүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үл таних хоёр хүн хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан байх үйлдэлд тус аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч тэгсхийгээд орхисон явдал гарчээ. Удаа дараа дарамталсан бичлэг, гар утасны сүүлчийн ярианы хэсэг, олон улсын ирвэс хамгаалагч эрдэмтдээс ирүүлсэн хүсэлт...зэрэг олон ноцтой баримт илэрч байгаа тул Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаатай танилцаад Өмнөговьд хутгалуулсан хэрэг болон сүүлчийн амиа хорлоход хүрсэн шалтгааныг нэгтгэн шалгуулахаар Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаалт нэмж явуулах үүрэг өгчээ.
Ж.Батсайхан