П.Гансүх: Улсын тэргүүний сум болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 08:38:33

Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга Пунцагийн Гансүхтэй сум орон нутгийн цаг үеийн ажил болон сумын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцлаа.

-Танай суманд өвөлжилт хэр болж байна?

-Өнгөрсөн 10-11-р сард манай суманд цас орж, хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн хэдий ч он гарсаар өвөлжилт гайгүй байна. 2015 оны зун өвс ургамлын гарц тааруу байсан тул 1, 2-р сардаа цас нэмж орвол өвөлжилт хүндэрч болзошгүй. Манай сумын ууланд өвөлждөг малчид хүртэл доошоогоо бууж ирж өвөлжиж байна.

Он гарсаар Баян-Өлгий аймгийн иргэд Ногооннуур сумын талаас ирж Ачит нуурыг цөмлөн загас барьснаас үүдэн будан татаж, хүйтэрч эхлээд байна. Манай талаас загас барихгүй байгаа тул бид очоод багаж хэрэгслийг хураах боломжгүй. Иймээс Ногооннуур сумын Засаг дарга дарга луу ярьж яаралтай арга хэмжээ аваарай гэж хэлсэн.   

-2015 он улирч, 2016 он гарсан энэ торгон мөчид тантай уулзаж байна. Тэгэхээр өнгөрч буй онд танай суманд хийгдсэн томоохон ажлууд юу байв?

-2015 он манай сумын хувьд амжилт бүтээл дүүрэн жил байлаа. Жил эцсийн мал тооллогоор манай сумын малчид 114.6 мянган толгой мал тоолуулж, мал сүргээ таван төрөлд нь өсгөсөн. Мөн 21 мянгат малчинтай боллоо. Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нэг зам” төслийг “Хотгор”, “Эрчим”, “Хотгор шанага” уурхайнуудтай хамтран хэрэгжүүлснээр бэлчээрийн талхлагдлаас хамгаалж, олон салаа замыг нэгтгэж, 11 мянган га газрыг нөхөн сэргээж чадсан.Ард иргэдийн оролцоог идэвхжүүлэх тал дээр өнгөрсөн онд анхаарч ажиллалаа. Зэргэлдээх Сагил сумын Улсын сайн малчин Хүрэлсүхээс туршлага судлах ажлыг зохион байгуулснаар энэ жил долоон мянгат малчин нэмэгдээд байна. Хүнсний ногоо тариалж сумынхаа хэрэгцээг хангах зорилтын хүрээнд иргэн Л.Ганзоригт Сум хөгжүүлэх сангаас дэмжлэг үзүүлснээр 30 тн-ын зоорийг бариулаад байна. Тэрчлэн сумынхаа ногоочдын дунд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаастуршлага судлах ажлыг зохион байгуулсан. Хилийн цэргийн 0245-р ангийн 1-р заставын харуулын байрыг Гурван жигэртэй багийн ард иргэдийн хандив тусламжаар барьсан. Улаан хадны харуулын байрыг шинээр барьснаар хилийн малын хулгайн зөрчил гарах явдал эрс багасаад байна. Үүнээс гадна манай сургуулийн 1985 оны 15 дахь удаагийн төгсөгчид 30 жилийнхээ ойгоор сайн санааны аян өрнүүлж, сумандаа амьдарч байгаа ангийнхаа нэг төгсөгчид орон сууц барьж өгсөн сайхан үйл явдал боллоо.

Сумандаа хийгдэж байгаа хөрөнгө оруулалтуудыг бодитой, үр дүнтэй, үлдэцтэй зүйлд зарцуулж, ажлын байр бий болгох чиглэл рүү түлхүү анхаардаг.

-Саяхан хуралдсан сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаар таны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд ямар үнэлгээ өгсөн бэ? Ирэх онд ямар ажил хийх гэж байна?

-Сумын ИТХ-ын ээлжит 10-р хуралдаанаар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 80, сумын 2015 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг 100 хувьтай биелсэн гэж үзсэн. 2016 онд 9 зорилт тавин ажиллаж байна. Үүнд: Нутгийн удирдлагын ордны зураг төсвийг хийлгэж, 2017 оны төсөвт тусгуулах, Эрүүл мэндийн төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, спорт ан агнуурынзөвшөөрөл олгох, “Гурван жигэртэй, Хар алтат багт мал угаалгын ваннбарих, амны хөндийн эрүүл мэнд хөтөлбөр хэрэгжүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт тавьсан. Мөн төрийн зарим чиг үүргийг “Гулзатын санаачилга” ТББ-аар гүйцэтгүүлэх, сумын дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах, “Хүүхэд бүрт сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэх мэт 9 зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

-Сумынхаа ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Манай сум 2022 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрөө батласан. Энэ хөтөлбөрийг үе үеийн Засаг дарга нар хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Энэ бол бидний үндсэн баримт бичиг бөгөөд Орон нутагт эрх мэдлийг нь олговол бие дааж сумаа хөгжүүлэх бүрэн боломжтой. Уурхайнуудтайгаа хамтран ажилласнаар байгаль орчныг нөхөн сэргээх, ажлын байр шинээр бий болгох, мөн нөхөрлөлүүд болон “Гулзатын санаачилга” ТББ-тай хамтран ажилласнаар байгалийн баялагийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийн доройтлыг бууруулах, нөхөрлөлүүдээ чадавхжуулах, байгаль орчноос хүртэх ашиг шим арвижих гээд өчнөөн боломж бий. Ер нь бол сумынхаа ирээдүйг өөдрөгөөр төсөөлж явдаг.

-Бөхмөрөн сум сүүлийн хоёр жил дарааллан Увс аймгийн Оны тэргүүний сум болсон. Тэгэхээр энэ онд амжилтаа алдахгүй биз дээ?

-Манай сумын ажил үйлс сүүлийн жилүүдэд жигдэрсэн. Улсын тэргүүний сумын болзол биелүүлэхээр 2014 онд баруун бүсийн аймгуудын тэргүүний сумдтай өрсөлдөж байсан. Цаашдаа Улсын тэргүүний сум болох зорилт тавиад ажиллаж байна.

-Бөхмөрөнчүүддээ хандаж юу хэлэх вэ?

-2016 онд манай сумын ард иргэдийн ажил үйлс өөдрөг, амжилт бүтээл дээшээ байж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

-Танд баярлалаа.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ