ОХУ-ын доктор, профессор, нэртэй хүүхдийн эмч Ирина Николаевна Захарова лекц уншив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДОХУ-ын анагаах ухааны доктор, профессор Ирина Николаевна Захарова Монголын хүүхдийн эмч нартай туршлагаа хуваалцлаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины эмч гэдгээрээ алдартай тэрбээр “Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зонхилон тохиолдох эмгэг түүний оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурал, семинарт “Монос” группын урилгаар ирж, хүүхдийн эмч нарт лекц уншсан юм.
Энэ үеэр тэрбээр антибиотекийн хэрэглээ хэрээс хэтэрсэн нь олон сөрөг дагавар дагуулдгийг хэлж байв. Мөн нярай хүүхдүүдийн дунд эмгэг ихээр тохиолдох болсон нь эмч нарын санааг ихээхэн зовоож байна. Дутуу жинтэй хүүхдийн төрөлт, төрсний дараах шарлалт, диабеттэй хүүхдүүдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ тохиолдолд эмийн бус эмчилгээ хийх нь үр дүнтэй байгаа талаар онцолж хооллолтоор эмчлэх боломжийн талаар эмч нарт тодорхой мэдлэг, мэдээлэл өгөв.
Шарлалт нь буурахгүй байгаа нярай хүүхдэд эхийн сүүг нь угжинд хийн халуун устай саванд 15-20 минут хийсний дараа өгөх нь шарлалтад нөлөөлж буй уургийн задралыг арилгаснаар эмчлэх боломжтой болдог. Өтгөн нь хатдаг хүүхдүүдэд тусгайлан зориулсан Нутрилон Комфорт гэх шинжлэх ухааны өндөр ололт амжилтаар бүтээсэн сүү хэрэглэх нь маш үр дүнтэй. Үнээний сүү нь уургийн харьцаа маш өндөр байдаг тул нярай хүүхдэд хэрэглэх нь тэднийг хоолны дуршилгүй болоход нөлөөлөх, өтгөн хаталтад хүргэх цаашлаад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны гэмтэлд ч хүргэх аюултай байдаг талаар хэллээ.
Цардуулаар баялаг каш хэтэрхий их хэрэглэх нь целиак өвчин буюу хүний хоол боловсруулах системийн ноцтой өвчин үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Азид 10 хүн тутмын нэг нь энэ төрлийн өвчнөөр жил бүр оношлогддог гэсэн ДЭМБ-ын судалгаа бий. Харамсалтай нь Монголд энэ төрлийн судалгаа шинжилгээг хангалттай түвшинд хийж чадахгүй байгаа аж.
Олон улсын хурлын үйл ажиллагааг “Нано Интернэйшнл” ХХК зохион байгуулжээ.
Ж.Болор