Банкууд 70 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гаргахад бэлэн

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-14 12:15:28

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн эхэнд хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Ганбат, Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж гишүүд зарим асуудлыг тодруулав.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүн энэ сарын 8-нд өргөн мэдүүлсэн ба хуулийн төсөлд орон сууцны 8 хувийн зээлийг эргүүлэн хэвийн түвшинд олгох асуудлыг тусгасан. Энэ тухайд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, "Цэцийн шийдвэртэй холбоотой ипотекийн зээл өнөөдөр зогсчихоод байна. Энэ зээлийг яаж гацаанаас гаргах вэ гэдэг дээр ярилцаад УИХ дахь нам эвслийнхэн хамтарч хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн төслөөр орон сууцаа хөлслөх, түрээслэх нөхцөлд эзэмшигч банкнаас зөвшөөрөл авахгүй. Харин худалдан борлуулах, шилжүүлэх тохиолдолд банкинд мэдэгдэж байх зохицуулалтыг оруулж өгсөн. Хэрэв хуулийн төслийг гацаавал арилжааны банк, барилгын салбарт үүсээд буй асуудал шийдэгдэхгүй" гэсэн тайлбар хийж байв.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, "Ипотекийн зээлийн хүүг дунджлаад авч үзвэл, дэлхийн бусад оронд хоёр хувь ч хүрэхгүй, хөгжилтэй орнууд 0.02 хувь байгаа. Одоо харин 5 хувиас ч буруулах боломжтой" гэсэн асуудлыг хөндөж байсан бол УИХ-ын дарга З.Энхболд, "Ипотекийн зээлд 76 мянган өрх айл хамарсан. Эдгээрээс зээлээ буцаасан 0.05 хувь байдаг. 0.05 хувийн эрх ашгийг хамгаалах нь зөв ч 76 мянган өрхийн барьцааг үгүйсгэж болохгүй" гэсэн юм.

Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон гишүүдийн асуултад, "Хууль баталсан нөхцөлд банкууд зээл олгоход асуудалгүй. Гэрээ зурагдахыг хүлээж буй 70 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл хүлээж байна. Банкуудад зээлийн хүү бага байх тусмаа сайн. Арилжааны банкуудад 10-20 жилийн хугацаатай эх үүсвэр байхгүй учир Монголбанкны эх үүсвэрийг ашиглан зээл олгож байна" гэсэн хариулт өгөв.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад 96.8 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Үүний дараа хуралдааныг даргалагч Хууль зүйн байнгын хороо одоо Төрийн ордонд хуралдаж, анхны хэлэлцүүлгийг нь хийх чиглэл өглөө. Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.

Б.Туул

 

Холбоотой мэдээ