МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Энэтхэгийн эдийн засаг дахь “чимээгүй хувьсгал”

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-13 09:17:33

УЛААНБААТАР, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс ба Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Энэтхэгийн Ерөнхийлөгч Д.Мурму, Ерөнхий сайд Н.Моди нарын урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Үүнтэй холбогдуулан монголчууд бидний оюун санааны хөрш, стратегийн түнш Энэтхэг улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн талаарх нийтлэлийг уншигчиддаа толилуулъя.  

***

Бенгалийн булан, Энэтхэгийн далай, Арабын тэнгис, Хималайн уулсаар хүрээлэгдсэн Энэтхэг улс бол оюун санааны асар их өвтэй, нэн эртний түүх соёлтой орон юм. Энэтхэгийн хойг бол Индийн соёл иргэншил ба бусад эртний соёл иргэншил үүссэн өлгий нутаг бөгөөд олон зууны туршид худалдааны замуудын чухал зангилаа болж байв.


Төсөөлөл, дүрслэлээс хэтийдсэн байгалийн үзэсгэлэнт тогтцууд, хүний гараар бүтээсэн гайхамшигт ур хийц бүхий дурсгалт газруудаараа алдартай энэ орны тухай өгүүлье гэвэл олон мянган хуудастай ном бичихэд хүрнэ. 


Интернэтийн сүлжээ хөгжсөн өнөө цагт Энэтхэгтэй холбоотой мэдээллийг хүн бүр авах боломжтой болсон тул элдвийг нуршихаас түдгэлзлээ. Таж Махалаас эхлээд олон гайхамшгаараа алдартай энэ улсад очиж үзээгүй хэдий ч манай Монголоос ердөө хоёр дахин том газар нутаг дээр 1 тэрбум 420 сая гаруй хүн багтаж шингэн амьдарч байгаа  төдийгүй эдийн засаг нь хурдтай тэлж буй нь гайхшруулна.


Хүн амын тоогоор дэлхийд тэргүүлдэг, олон янзын хэл соёл, ёс уламжлалтай, хиндү, будда, сикхи, жайна, ислам гээд шашнууд дэлгэрсэн энэ улсад асар их баялагт суурилсан тансаг баян амьдрал ба үгээгүй ядуу байдал хоёр зэрэгцэн орших нь эрс тэс ялгарлыг бий болгож, хол ойрын аянчин гийчдийг алмайруулна. Дэлхийн хэвлэлүүд эдгээр сэдвийг түлхүү сонирхож, харин Энэтхэгийн эдийн засгийн эрчимтэй хөгжил буюу тэнд явагдаж буй “чимээгүй хувьсгал”-ыг анзааралгүй орхидог.


Тиймээс монголчууд бидний оюун санааны хөрш, стратегийн түнш энэ орны эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн нууц нь юунд оршино вэ гэдгийг сонирхлоо. 


Эрс шинэчлэлийн эхлэл 


“Цаг нь болохоор дэлхий дээрх ямар ч хүч үзэл санааг зогсоож чадахгүй. Энэтхэг орон эдийн засгийн их гүрэн болж, хөгжин цэцэглэнэ гэдэг бол үзэл санаа мөн. Энэтхэг орон эцсийн эцэст нойрноосоо сэрлээ гэдгийг би чангаар, ойлгомжтойгоор хэлж буйг дэлхий даяараа сонсогтун. Бид зорилгодоо хүрэх болно, бүх саад бэрхшээлийг даван туулж ялах болно”. 


Энэ үгийг Сангийн сайд асан Манмохан Сингх 1991 оны долоодугаар сард төсвийн төслийг парламентад танилцуулсныхаа дараа хэлж байв. Тэрбээр 2004-2014 онуудад Ерөнхий сайдаар дараалан ажилласан бөгөөд "Энэтхэгийн эдийн засгийн шинэчлэлийн эцэг" гэгддэг. Либералчлал, глобалчлал, хувьчлал руу чиглэсэн түүний эрс шинэчлэлийн ачаар олон арван жилийн турш төрийн зохицуулалтад нухлагдаж, хүнд суртлын хүлээсэнд баригдаж байсан хувийн бизнесийн салбарын хөгжин дэвжих үүд хаалга нээгдлээ. 10 гаруй жилийн дараа М.Сингх ерөнхий сайдаар томилогдох тэр мөчид түүний зөгнөсөн үгс хэдийн биеллээ олсон байлаа. 1990-ээд оны эхнээс Энэтхэгийн эдийн засаг илт сэргэж, XXI зууны эхний арван жилийн дунд үе гэхэд өсөлт нь 10 хувьд хүрч, улмаар тус улс нийт ДНБ-ний хэмжээгээр дэлхийд тавдугаарт бичигдэх болов.


Энэтхэгийн эрх баригчид шинэчлэлийг хамгийн бага гарз хохиролтойгоор, цочир эмчилгээ хийхгүйгээр, хувийн хэвшлийн санаачилгуудыг дэмжиж, үүний сацуу нийгмийн баталгааг орхигдуулахгүйгээр хэрэгжүүлж чадсанаар “Энэтхэгийн эдийн засгийн гайхамшгийг” дэлхий дахинд илтгэн харуулж, дараа дараагийн арван жилүүдэд эдийн засаг хурдацтай хөгжих үндэс суурийг тавьсан байна.


Колончлолоос үлдсэн өв 


Түүхийн хуудсыг сөхвөл, 1526 онд Төмөрийн угсааны Бабур хаан Дели хотыг эзэлснээр Делийн султант улс мөхөж, Их Могол Улс байгуулагдан, 1526-1857 оны хооронд оршин тогтнож байв. Энэ үед Энэтхэгийн эдийн засаг нь цэцэглэн хөгжиж, ихэнх үзүүлэлтээр Европ тивийг гүйцэж түрүүлжээ. Дэлхийн ДНБ-ий 25 хувь нь Энэтхэгт ногдож, халуун ногоо, шүү, даавуу зэрэг эрэлттэй бараагаар Европыг хангадаг байв. 18 дугаар зууны эхээр Их Могол гүрэн сулран доройтох шинж тэмдгүүд илэрч байсан боловч энэтхэгчүүд дэлхийн зах зээл дэх байр сууриа хадгалсаар байсан юм.  


Дэлхийн ДНБ-д Энэтхэгийн эзлэх хувь 1700 онд 22,6 хувь  байснаа Британийн колончлол нуран унах үед 3,8 хувь болтлоо буурч, Энэтхэг улс нэг хүнд ногдох орлогын хэмжээгээр дэлхийн хамгийн ядуу улс болж хувирав. Англи улс Энэтхэгийг шулан мөлжиж, хамаг нөөцийг нь шавхсан гэх ойлголт энэтхэгчүүдийн дунд газар авав.


Колончлолыг таягдан хаяваас бүх зүйл эмх цэгцэндээ орж, эдийн засаг хөгжинө гэж үзэж байсан боловч тусгаар тогтнолоо зарласны дараа уг бэрхшээл колончлолын үеийнхээс улам гүнзгийрэн лавширч, бүтцийн шинжтэй болж ужгирсныг Энэтхэгийн шинэ удирдагчид хүлээн зөвшөөрөөд, томоохон шинэчлэл хийхгүйгээр урагшлах боломжгүй гэдгийг олж харав.


Төрийн оролцоо  


Жавахарлал Неру зэрэг Энэтхэгийн удирдагчид “фабианы социализм” гэгч үзэл санааг дэмжиж, шинэчлэлийн замаар нийгмийн шударга ёсны зүгт аажим боловч тууштай урагшлах гэсэн үзэл санааг дэмжиж байлаа.


Энэтхэгийн удирдлага аж үйлдвэржүүлэлтийг асар богино хугацаанд хийж, дэлхийн II дайнд ялсан ЗХУ-ын туршлага, төлөвлөгөөт эдийн засгийг хөгжүүлэх замаар дайны дараах өсөлтийг бий болгосон Их Британийн хувилбар зэрэг ашиглав. Үүний сацуу төлөвлөгөөт эдийн засгийн өөрийн гэсэн өвөрмөц бодлогыг хэрэгжүүлжээ. Таван жилийн төлөвлөгөөнүүдийг боловсруулж, бүх томоохон үйлдвэрүүдийг төрийн мэдэлд авч, аж үйлдвэржүүлэлт, хүнд үйлдвэрийн салбарыг бий болгохыг эн тэргүүний зорилт болгов. Харин социалист орнуудаас ялгаатай нь, хамтралжуулах, нэгдэлжүүлэх хөдөлгөөнийг  огт явуулаагүй бөгөөд эсрэгээр өрхийн аж ахуйг дэмжиж байв. 


Томоохон бизнесүүд байр сууриа хадгалж чадсан боловч дирижизм буюу эдийн засаг дахь төрийн хэт оролцооны улмаас багагүй хохирол амсчээ. Ж.Неругийн үед нэвтрүүлж, И.Гандигийн үед улам чангарсан зохицуулалтын тогтолцоог license raj /цаасан засаглал/ гэж нэрлэх болов. Бизнес эрхлэх гэсэн хүн зөвшөөрөл авахын тулд янз бүрийн 80 шат дамжлагыг давдаг байв. Ямар хувьцааг хэдэн тоогоор, ямар үнээр гаргах, ажилтнууддаа хэдий хэрийн цалин урамшуулал олгохоо бизнес эрхлэгчид өөрсдөө шийдэх эрхгүй байв.


Неругийн бодлогыг гадаад дотоодод чамгүй шүүмжилж байсан бөгөөд “Энэтхэгийн өсөлтийн хувь” /1,5-2 хувь/ гэсэн нэр томьёо хүртэл бий болжээ. Энэ тоо нь эдийн засаг үндсэндээ зогсонги байдалд орсныг илтгэнэ. Гэсэн хэдий ч тусгаар тогтнолоо зарласнаас хойших хэдэн арван жилийн хугацаанд Энэтхэгийн үе үеийн удирдагчид их хэмжээний зээл авч аж үйлдвэрийн бат бэх суурийг тавьсан бөгөөд ингэхдээ улс орноо өрийн дарамтанд оруулаагүй юм. Үүний сацуу “ногоон” хувьсгал, “цагаан хувьсгал”-ыг хийж, үр тарианы ба сүүний үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлснээр хүн амын хүнсний хангамжийн асуудлыг шийдэв. Ийм суурийг тавиагүй бол хувийн бизнесийг хөгжүүлэх Ражив Гандигийн бодлого, 1990-ээд онд явуулсан Н.Раогийн либерал шинэчлэл амжилтад хүрэхгүй байлаа. 


Сүүлийн 40 жилийн хугацаанд Энэтхэгийн эдийн засаг жилд дунджаар 6 хувиар өссөөр ирсэн бөгөөд ойрын 3-5 жилд энэ эрч хадгалагдах төлөвтэй байна. 3 их наяд долларын багтаамжтай эдийн засаг ийм өндөр хувиар өсөх нь тун ховор үзэгдэл юм. Үүнээс удаан өссөн ч гэсэн 2030 он гэхэд Герман, Японыг гүйцэж түрүүлэн, АНУ, Хятадын дараа орох дэлхийн гурав дахь том эдийн засаг болно.

Энэтхэгийн эдийн засаг бусад улсынхтай харьцуулахад хэд хэдэн давуу талтай. Дотоодын хэрэглээ, нөөцөд тулгуурлан, дундаж давхаргынхад түшиглэн хөгжиж байгаа учраас гадаад ертөнцөд болж буй элдэв шооконд бараг автдаггүй. Тухайлбал, 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал Энэтхэгт бараг нөлөөлөөгүй бол 2020 оны цар тахлын үеэр 140 сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд орсон боловч хүндрэлийг түүртэлгүй давж, 2025 оны эхний улиралд гэхэд эдийн засаг 7,8 хувиар өслөө.  


Өнөөдөр Энэтхэг улс худалдан авах чадварын паритет үзүүлэлтээр дэлхийд гуравдугаарт, номинал ДНБ-ий үзүүлэлтээр тавдугаарт бичигдэж байгаа бөгөөд нефть-хими, эм ба автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн эгнээнд багтаж, сансрын гүрэн болоод байна.


Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангахад жижиглэнгийн худалдаа ба мэдээллийн технологийн салбарууд гол хувь нэмрийг оруулсан гэж үздэг. Энэтхэгийн IT-гийн салбар дэлхийд тэргүүлдэг гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ жижиглэнгийн худалдааны салбар нь хөдөө аж ахуйн салбарын дараа хоёрдугаарт ордог бөгөөд нийт ажил эрхлэгчдийн 8 хувийг хамарч, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлдэг, дэлхийд хамгийн хурдан тэлж буй зах зээлүүдийн нэг юм.  


IT-гийн салбар


Энэтхэгийн ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж буй мэдээллийн технологийн салбар нь экспортын чиглэлтэй бөгөөд хямд үнийг санал болгодог тул аутсорсингоор гүйцэтгэж буй үйлчилгээний тал дээр дэлхийд хамгийн хүчтэй өрсөлдөгч юм. IT салбарыг 100 хувь хувийн хэвшилд даатгасан тул маш уян хатан, нөхцөл байдлын өөрчлөлтөд зохицон ажиллаж, дэлхийн зах зээлд брэнд имижээ хэдийн бүрдүүлж чаджээ. 


IT-гийн салбар анх 1974 онд сууриа тавьж байх тэр үед бизнесийн орчин тун таагүй байсан бөгөөд засгийн газрын зүгээс хувийн хэвшлийг дэмждэггүй байв. Программ хангамжийн салбарыг үйлдвэрлэл гэж үздэггүй байсан тул импортын татварыг /100-135 хувь/ өндөр тогтоожээ.


Харин 1984 онд Ражив Ганди Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш мэдээллийн технологийн салбарын бодлого эрс өөрчлөгдөв. Тэрбээр импортын татварыг 60 хувиар бууруулж, банкнаас зээл авах боломжийг олгож, Ражийн зөвшөөрлийг хүчингүй болгож, IT парк байгуулахаар шийдвэрлэсэн нь дэлхийн жишигт нийцэх мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс суурийг тавьжээ.


Өдгөө тус улсад маш хүчирхэг IT-гийн салбар бий болж, Google, Microsoft, Amazon болон дотоодын компаниудад ажиллах инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж байна.


Өсөх ирээдүйтэй, шинээр гарч ирж буй гарааны бизнесүүдэд санхүүжилт олгодог венчур хөрөнгө оруулалтыг дэмжиж, хяналт зохицуулалтыг уян хатан болгосноор 900 сая гаруй интернэт хэрэглэгчтэй тус улсад зайны боловсрол, цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, финтек, алсын зайн эмчилгээний салбарууд эрчимтэй хөгжиж байгаа тул бизнесийн шинэ загваруудыг туршихад хамгийн тохиромжтой талбар болжээ.


Засгийн газраас мэдээллийн технологийн салбарыг тууштай дэмжиж, Хайдарабад, Бангалор, Пуна, Ахмадабад, Калькут хотуудад IT паркуудыг байгуулав. Сүүлийн жилүүдэд Sequoia Capital, SoftBank, Google зэрэг технологийн аварга том компаниуд Энэтхэгийн стартапуудад олон тэрбум долларын хөрөнгө оруулав. Венчур хөрөнгө оруулагчид Цахиурын хөндий ба Хятадад анхаарлаа төвлөрүүлээд буй энэ үед энэтхэгчүүд “чимээгүй хувьсгал” хийж, стартапуудын тоогоор Хятадыг гүйцэж түрүүлэн, технологид оруулж буй хөрөнгийн өсөлтийн хурдаар АНУ-ын дараа орж байна.


Энэтхэгийн IT-гийн салбар дэлхийд цойлон гарч ирснийг хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарладаг. Үүнд:· 

  • Энэтхэгийн боловсролын тогтолцоо нь математик болон шинжлэх ухааны салбаруудыг онцгой анхаардаг.
  • Чадварлаг хүний нөөц – Энэтхэгийн программчид задлан шинжлэх чадвараараа дэлхийд танигдсан ба бүгд англиар ярьдаг.
  • Өрсөлдөхүйц үнэ – Барууны орнуудтай харьцуулбал Энэтхэгийн программчид хямд үнийг санал болгодог.


Цагаан будаа ба ган хайлш


Энэтхэгийн ажиллах хүчний 50-60 хувь нь ДНБ-ий 22-23 хувийг бүрдүүлж буй хөдөө аж ахуйн салбарт харьяалагддаг ба тус улс 1,4 тэрбум хүн амаа хоол хүнсээр бүрэн хангадаг төдийгүй цагаан будааны хамгийн том экспортлогч болжээ.

Төрийн оролцоо хэтэрхий их, ашиггүй ажилладаг аж ахуйнуудад татаас өгдөг хэмээн Энэтхэгийн газар тариалангийн бодлогыг шүүмжилдэг. Харин улстөрчдийн хувьд, нийгмийн тогтвортой байдал нь ашиг орлогоос илүү чухал. Саяхан Модигийн засгийн газар тус салбарыг либералчилж, фермерүүдээс бүтээгдэхүүн худалдан авах шинэ тогтолцоог бий болгох гэж оролдсон боловч ширүүн эсэргүүцэлтэй тулгарснаар шинэчлэлийг зогсоожээ.


Газар тариалангийн салбарыг алдагдалтай гэж шүүмжилдэг боловч цар тахлын үеэр бусад салбарт үйлдвэрлэл огцом буурсан тэр үед тус салбар эдийн засгийг аварсан юм.


Ажиллах хүчний 22 хувийг хамарч, ДНБ-ий 26 хувийг бүрдүүлдэг аж үйлдвэрийн салбарт нөхцөл байдал өөр байна. Н.Раогийн хэрэгжүүлсэн шинэчлэлийн дүнд гадаадын компаниуд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээр Неру, Ганди нарын үед сууриа тавьсан Энэтхэгийн машин үйлдвэрлэлийн салбар үсрэнгүй хөгжиж, хөнгөн ба ачааны автомашин, тракторын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна.Нефть боловсруулах болон химийн үйлдвэрүүд ч эрчимтэй хөгжиж, полимер, пластмасс, будаг болон бусад төрлийн химикатын үйлдвэрлэлээр дэлхийд эхний тавд орох болжээЖенерик эмийн үйлдвэрлэлд тулгуурласан Энэтхэгийн эм үйлдвэрлэлийн салбар жилд 15-17 хувиар тэлж, нийт женерик эмийн 20 хувийг үйлдвэрлэж байна.

Энэтхэгийн удирдлага эдийн засгийг либералчлахдаа амин чухал салбаруудад хохирол учруулахгүй байх талаас нь ихэд анхаардаг. Тухайлбал, 2,5 сая хүнийг ажлын байраар хангадаг ган хайлуулах металлургийн салбар нь  эдийн засгийн түшиг тулгуур болдог тул аливаа шүүмжлэлээс бэргэхгүйгээр төрөөс ивээх протекционист бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ чухал салбараа хамгаалахын тулд Энэтхэг улс Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрт /RCEP/ элсээгүй бөгөөд Хятад болон Зүүн Өмнөд Азийн орнуудад зах зээлээ нээж өгөх гэж яарахгүй байна.    


Таамаглал: Дэлхийн хоёр дахь том эдийн засаг


Jefferies, JPMorgan, S&P Global Ratings, Morgan Stanley зэрэг хөрөнгө оруулалтын банкуудын таамаглаж байгаагаар, ойрын хэдэн жилд Энэтхэгийн эдийн засгийн тэлэлт үргэлжилж, 2027 онд ДНБ-ий хэмжээгээр дэлхийд гуравдугаарт бичигдэж, 2030 он гэхэд хоёр дахин өсөж, 7 их наяд долларт хүрнэ.


2023 онд хүн амын тоогоор Хятадыг гүйцэж түрүүлсэн тус улсын хэрэглээний зах зээл улам тэлж, дундаж ба өндөр орлоготой өрхүүдийн тоо өссөнөөр 2027 он гэхэд дэлхийн хамгийн том гурван зах зээлийн нэг болж, чинээлэг иргэдийн тоо 100 саяд хүрнэ.  


Хүн амын дундаж нас нь 28-29 буюу маш залуу, ажиллах хүчний асар их нөөцтэй тул ойрын хэдэн арван жилд өсөлт тасралтгүй үргэлжлэх төлөвтэй байна. Тухайлбал, 2047 он гэхэд хөгжингүй орнуудын эгнээнд багтах зорилт тавьжээ. Ингэснээр хөдөө аж ахуй давамгайлсан орноос аж үйлдвэр, өндөр технологийн салбарт тэргүүлэгч улс болно.


ОУВС-гийн таамаглалаар, 2028 он гэхэд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 18 хувь нь Энэтхэгт ногдох бол Goldman Sachs-ын төсөөллөөр, 2075 он гэхэд дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болно.

***


ТОДРУУЛГА: Монгол-Энэтхэгийн харилцаа ба өндөр дээд түвшний айлчлалууд 


  • Одоогоос яг 70 жилийн өмнө буюу 1955 оны 12 дугаар сарын 24-ны өдөр БНМАУ ба БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоожээ. Тухайн үед Энэтхэг улс нь социалист бус орнуудын дотроос манай улсын тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрснөөс гадна БНМАУ 1961 онд НҮБ-д элсэхэд томоохон дэмжлэг үзүүлсэн юм.
  • Монгол, Энэтхэгийн ард түмэн газар зүйн хувьд алслагдмал байдаг хэдий ч сэтгэл санаа, соёлын хувьд ойр байдаг "оюун санааны хөршүүд" билээ. Монголын тал 1956 онд Дели хотноо, Энэтхэг улс 1971 онд Улаанбаатар хотноо ЭСЯ-даа тус тус нээжээ.
  • 1959 ба 1973 онуудад БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид Энэтхэгт албан ёсоор айлчлах үеэр Монгол-Энэтхэгийн хамтарсан Тунхаглалд гарын үсэг зурсан түүхтэй.
  • Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1994 оны хоёрдугаар сард Энэтхэг улсад айлчлах үеэр хоёр тал Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, худалдаа-эдийн засаг, эрүүл мэнд, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ.
  • 2001 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди Энэтхэгт айлчилж Мэдээллийн технологи, Хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаа, иргэний эрх, эрүүгийн болон арилжааны асуудлаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх зорилгоор Хамтарсан тунхаглал гаргаж, зургаан хэлэлцээрт гарын үсэг зурав.
  • Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд БНЭУ-д айлчлахдаа, хоёр орны харилцааг "Иж бүрэн стратегийн түншлэл"-д хүргэх, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай асуудлуудыг хэлэлцжээ.
  • Энэтхэгийн талаас 2011 онд Ерөнхийлөгч хатагтай Пратибха Патил, 2015 онд Ерөнхий сайд Н.Моди нар Монголд айлчилсан бөгөөд Н.Модигийн айлчлалын үеэр Газрын тос боловсруулах үйлдвэр барихад зориулан Энэтхэгийн засгийн газраас нэг тэрбум ам.долларын зээлийг Монгол Улсад олгохоор шийдвэрлэсэн нь хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргалаа.
  • Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны есдүгээр сар Энэтхэг улсад айлчилжээ.
  • Түүнчлэн УИХ-ын даргын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан 2016 онд, ноён Ом Бирла 2023 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн байна.
Холбоотой мэдээ