М.Дэлгэржав: Цахим орчинд сөрөг мэдээллээс зайлсхийж эерэг хүмүүсийг дагах зэргээр сэтгэл зүйгээ хамгаалах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. DataReportal-аас гаргасан 2025 оны судалгаагаар Монгол Улсад 2.6 сая сошиал медиа хэрэглэгч байгаа нь нийт хүн амын 74.4 хувьтай тэнцэж байна. Энэ нь бидний амьдрал сошиал ертөнцтэй хэр гүнзгий холбогдсоныг харуулж байна.
Сошиал медиа нь мэдээлэл авах, бусадтай холбогдох, өөрийгөө илэрхийлэх өргөн боломжийг нээж өгдөг хэдий ч, нөгөө талдаа хүний сэтгэл зүй, сэтгэлийн эрүүл мэндэд тодорхой хэмжээнд нөлөөлдөг нь нууц биш. Тиймээс МУИС-ийн ШУС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Мөнхнасангийн Дэлгэржавыг урьж, сошиал хэрэглээ, сэтгэл зүйн эрүүл мэндийн уялдаа холбооны талаар ярилцлаа.
-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.
-Сайн. Сайн байна уу. Юуны өмнө намайг ярилцлагадаа урьсанд бас баярлалаа. Миний хувьд нийгмийн сэтгэлзүйн талаар судалгаа хийж, сурах бичиг, бүтээл номоо гаргадгийн хувьд нийгэмд шинжлэх ухааны үндэстэй, зөв мэдээллийг өгч, дуу хоолойгоо хүргэхдээ баяртай байдаг юм.
-Сошиал медиа, мэдээллийн урсгал нь хүн болон нийгмийн сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлж байна вэ?
-Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлдэг гол хэрэгсэл болоод байна. Тэр дундаа жаахан өмнө үед телевиз маш хүчтэй байсан бол одоо үед сошиал медиа болсон. Фэйсбүүк, инстаграм, твиттер гэх мэт олон нийтийн сүлжээ нь байгаа газартаа, байгаа цагтаа, богино хугацаанд үзэж харж, сонсож болдог учраас телевиз радио, сонин хэвлэлээс илүү анхаарал татаж байна. Энэ цаг үед бол нийгмийн сэтгэл зүйг бүхэлд нь удирдах хүртлээ нөлөө үзүүлж байна гэж ойлгож болно.
- Сүүлийн үед “мэдээллийн ядаргааны синдром” гэх нэр томьёо хүртэл үүссэн байна. Мэдээллийн эрин зуунд хүн сэтгэл зүйгээ хэрхэн хамгаалах вэ?
-Энэ бол маш чухал асуудал. Яагаад гэхээр хүмүүс өөрсдөө хүсээгүй мөртлөө мэдээ мэдээллээр бөмбөгдүүлж байна. Сонирхоогүй байсан ч унших хэмжээнд хүртэл мэдээлэл их цацагдаж байна. Тархины хувьд оюун ухаан, мэдрэл, хараа, сонсголд ирж буй мэдээлэл болгоныг хүлээн аваад чадах ядахаараа боловсруулдаг. Тэгэхээр тэр боловсруулж буй мэдээг хүн ямар нэг байдлаар өдөр тутамдаа хэрэглэж болно, хэрэглэхгүй ч гэсэн хадгалагдаад үлдэж болно. Түүнийг нь бид өөрсдөө мэддэггүй.
Тархины үйл ажиллагааны нөлөөгөөр нэг л мэдэхэд бид инфлюнсер гэж нэрлээд байгаа хүмүүсийн мэдээллийг, мөн сурталчилж байгаа бүтээгдэхүүнийг хүссэн хүсээгүй бодох, улмаар түүнийг сонгож авахад хүрэх алхмууд хийгддэг. Олон янзын мэдээллийг бид өөрийн ухамсаргүйгээр хүлээн авч байгаа нь стресс, бухимдал, ядаргаа үүсгэх нөхцөл болж байна гэсэн үг. Тиймээс бид зах хязгааргүй урсах мэдээллээс өөрсдийгөө хамгаалахын тулд тодорхой цаг хугацаатай, хэрэгтэй мэдээллээ түүж судлах аргад суралцах хэрэгтэй.
Утсаа гүйлгээд харагдсаныг нь л уншаад яваад байгаа нь толгойгоо хэрэгтэй, хэрэггүй мэдээллээр дүүргэж, хогийн сав шиг болгож байгаатай агаар нэг гэсэн үг. Бид өглөө гарахдаа цүнхэндээ хэрэгтэй юмаа ялгаж хийгээд гардаг шиг хэрэгтэй мэдээллээ түүж уншаад бусдыг нь ерөөсөө уншихгүй алгасдаг дадалтай болох, эсвэл өглөө, оройдоо 30 минут л үзнэ бусад үед нь ажлаа хийнэ гэсэн хуваарилалтыг хийх гэх мэтээр өөрийгөө хянах, удирдах замаар татгалзаж болно.
- Хүний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх мэдээ, мэдээлэл хүлээн авах үед хувь хүн юуг анхаарч, ямар арга хэмжээ авах нь зөв бэ?
-Энэ их төвөгтэй асуудал. Өмнө дурдсаны адил бид үзмээргүй байсан ч зарим төлбөртэй мэдээлэл, “тролл” буюу бодит бус этгээдүүдийн тарааж буй мэдээллийг зайлшгүй хүлээн авах болдог. Энэ олон мэдээлэл дотроос бид өөрсдөө ямар ч сонголт, шүүлтүүргүйгээр хүлээн авч байгаа нь өөрөө асуудлын үндэс болж байна. Иймээс дижитал бичиг үсгийн боловсрол, мэдлэг эзэмших шаардлагатай бөгөөд үүнд эхлээд суралцах ёстой гэсэн үг.
Жишээлбэл, нэг шинэ бүтээгдэхүүн гарахад бид “энэ юу юм бэ, яаж хэрэглэх вэ” гэж зааврыг нь уншдаг шиг, одоо технологийн зуунд бид хэрхэн амьдрах ёстой талаарх “заавар”-аа эхлээд мэдэх хэрэгтэй.
Шууд харагдсан болгондоо хараалын үг урсгах нь зөв үү, буруу юу? Харамсалтай нь би болоод надаас дээш насныхан сошиалд нэлээн хүчтэй автчихсан байна. Нийгмийн хаалттай эрин зуунд амьдарч байгаад, одоо гэнэт чөлөөтэй болсон учраас цахим орчинд яаж биеэ авч явахаа, мэдээллээ яаж ялгахаа мэдэхгүй байгаагаас шалтгаалан зохисгүй үйлдэл, хандлага гаргах тохиолдол цөөнгүй байна. Тиймээс энэ дижитал орчинд хүн биеэ яаж авч явах ёстой юм, тэндэхийн ёс зүй ямар байх, хэний ёс зүйг бид хөндөж болох, харин хэнийхийг хөндөж болохгүй вэ гэдгийг баримжаалах хэрэгтэй. Хоёрдугаарт, хэдийгээр хүн өөрийн сошиал хаягт бичиж байгаа ч тэр зүйлсийг бараг бүх дэлхий харж, үг өгүүлбэр бүрийг хүн бүр уншиж байдаг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Ийм өнцгөөс нэг хянаж, бодож бичихийг хүсмээр байна.
Ихэнх хүн энүүхэндээ хоёр найз цайгаа уунгаа ярьж байгаа юм шиг яриад, бичээд, дэлгээд байгаа нь монгол хүний үнэлэмж, залуу үеийг хүмүүжүүлэх хандлага, үнэт зүйлсийн бүрэлдэх үйл явцад сөргөөр нөлөөлж байна.
Магадгүй хүүхдүүд “Манай эмээ ингэж бичсэн байна, ингэж бичиж болдог юм байна” гэж ойлгоод, түүнийг үлгэр, загвар болгон дагаж байна. Ингээд бодохоор цахим орчинд хэрхэн биеэ авч яваагаа хянах шаардлагатай юм.
Гуравдугаарт, сошиалд идэвхгүй ажиглагчийн байр суурьтай байх гэсэн сонголт ч бий. Яагаад заавал доор нь хараал, ерөөл, бухимдлаа бичих ёстой юм бэ? Хэрвээ сошиалд бухимдал, хараал ерөөл бичсэнээр асуудал шийдэгддэг байсан бол өөр хэрэг. Гэвч бодит байдалд улс орон хөгжлийнхөө замаар, бодлогын болон ажил хэргийн түвшинд, өөрийн дэс дараагаар урагшилсаар л байна. Иймээс энэ бүхнийг зөвөөр ойлгож, дижитал орон зайд хүн хэрхэн биеэ авч явахыг суралцах нь нэн чухал юм.
-Хэт их сөрөг мэдээлэл үзэх нь хүний бодол, сэтгэл, зан үйлд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Сошиал орон зайд хүмүүс яагаад ч юм муу зүйлд татагдах төрөлхийн чанар бас бий. Сэтгэл судлалын Фрейдийн онол, психоанализын үзэл баримтлалын үүднээс хүн угаасаа дайсагнах мэдрэмжтэй, үзэн ядах мэдрэмжээ гаргах нь зөв гэсэн онолууд бий. Эдгээр онолын өнцгөөс харахад эерэг мэдээ тавихад ердөө 3 хүн үздэг бол, сөрөг мэдээ тавихаар 10 хүн үздэг онцлогтой. Тийм учраас бусдын дунд нэр хүндтэй, сонирхолтой байх, хандалтын тоог нэмэх, нэг мэдээг нөгөө мэдээгээр сааралтуулж дарах гэх мэт зорилгоор зориудаар сөрөг мэдээллүүд тавих тохиолдлууд ч байна. Гэтэл энгийн ард иргэд сошиал орчинд биеэ яаж авч явахаа мэдэхгүй тул түүнд автах хандлага ихтэй.
Зүв зүгээр цайгаа уугаад сууж байсан хүн сошиал руу ороод ерөөсөө л монгол болохгүй байна, бүтэхгүй байна, бүтэж байгаа юм алга гээд бухимдаад эхэлдэг. Тэгэхээр ийм байдлаар хүний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг учраас өөрийнхөө урам зориг, сэтгэл санааны байдлаа хэвээр авч хадгалж үлдэхийн тулд магадгүй зарим үед сошиал орохгүй байх, орж байх үедээ эерэг мэдээлэл түгээдэг, урам өгдөг, юмны арга эвийг зааж өгдөг гэх мэт хүмүүсээ дагах хэрэгтэй.
Нөгөө талаас бид өөрсдөө сөрөг мэдээллээ түүж уншаад байна. Ингэж байнга уншиж байгаа учраас хиймэл оюун ухаан тэр төрлийн мэдээллийг улам ихээр санал болгодог. Тэгэхээр хүн цүнхээ цэвэрлэдэг шиг бас өөрийн сошиал хуудсыг үе үе цэвэрлэж байх хэрэгтэй. Магадгүй хэрэггүй мэдээлэл постолдог, таны урам зоригийг унагаадаг, сөрөг байдаг хүн байвал найзаасаа хасах, блоклох гэх мэт өөрийгөө хамгаалах арга бий. Түүнчлэн урам зориг авдаг, “Тэр хүн шиг болох юм сан” гэж тэмүүлдэг, эерэг хандлагатай хүмүүсийг дагаж, цаг хугацаагаа үнэ цэнтэй мэдээлэлд зарцуулах нь сошиал хэрэглээг нийгмийн сэтгэл зүйд эергээр ашиглах боломж болдог гэж үзэж байна.
- Өсвөр насны хүүхдүүд цахим орчинд цочирдмоор мэдээ мэдээлэл үзэж байвал эцэг эх, багш нар ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
-Өсвөр насны хүүхдүүд мэдээллээс хоцрохгүй байх сонирхлоороо мөн л шүүлтүүргүйгээр мэдээлэл хүлээн авч байна. Гэвч хүүхдүүд тийм мэдээллийг уншихаас илүүтэй богино хэмжээний киноны тайлбар, аллага хядлагатай бичлэг, бие биенээ дээрэлхсэн зэрэг сөрөг контент үзэх хандлагатай байна. Улмаар “ийм зүйл байдаг л юм байна, угаасаа ийм байдаг юм байна” гэж бодоод өсөж байгаа нь буруу хандлагыг бий болгож байна.
Тиймээс өсвөр насныханд цахим орчинд зөв амьдрах соёл, дижитал бичиг үсгийн боловсрол зайлшгүй хэрэгтэй байна. Тэдэнд цахим хэрэглээндээ зөв хуудас, пэйжийг сонгох, хэрэггүй мэдээллээс татгалзах, ямар төрлийн зураг, дүрс, хүмүүсийн контентоос зайлсхийх ёстой талаар тодорхой мэдлэг, сургалт хэрэгтэй гэж үзэж байна.