Цодгор хүү тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 19:11:59

Булган аймгийн засаг дарга Д.Эрдэнэбатын мөрийн хөтөлбөрт хэд хэдэн дэд хөтөлбөр тусгагдан хэрэгжиж байгаа билээ. Үүний нэг нь “Шатар”  дэд хөтөлбөр. Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан "Цодгор хүү-2016" өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 4 насны ангилалаар, эмэгтэй, эрэгтэй төрлөөр зохион байгуулагдлаа.

Тав  хүртэлх насны эрэгтэй төрөлд  Булган сум 1-р цэцэрлэгийн тамирчин  Д.Цэрэнпунцаг,  харин эмэгтэйд Хутаг–Өндөр сумын тамирчин Ж.Нандин–Эрдэнэ нар алтан медаль хүртлээ. 6-7 хүртэлх насны төрөлд Тэшиг сумын тамирчин Д.Азжаргал болон Булган сумын ЭӨЦ сургуулийн тамирчин н.Энхриймаа нар алтан медалийн эзэд болсон бол  8-9 хүртэлх насны эрэгтэй төрөлд Хишиг–Өндөр сумын тамирчин Б.Хишигбаяр, эмэгтэйгээс Бүрэгхангай сумын тамирчин н.Бадмаа,  10-11 насны эрэгтэйгээс Булган сумын ЭӨЦ сургуулийн Ц.Түвшинжаргал, эмэгтэй төрөлд  Булган сумын 1 – р 12 жилийн сургуулийн тамирчин  Хажидсүрэнмаа нар тус тус алтан медалийн эздээр тодорлоо.

Уг тэмцээнд нийт 12 сумын 14 сургуулийн аваргаар шалгарсан шилдэг 80 шатарчин оролцож, нийлбэр дүнгээр Булган, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Бүрэгхангай сум амжилттай оролцлоо.

Нас насны ангилалд тэргүүн байр эзэлсэн бяцхан шилдэг шатарчид Улаанбаатар хотноо 2016 оны 1-р сарын 19-21ны өдрүүдэд зохион байгуулагдах Цодгор хүү-2016 улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан байна.

Мөн тэмцээний үеэр Дэлхийн Шатарын Холбооны спортын фиде мастер Булган сумын 1-р 12 жилийн сургуулийн сурагч Н.Номин-Эрдэнэ Дашинчилэн сумын бяцхан шатарчин Ж.Азжаргалд сайн шатарчин болохыг хүсч хувийн зүгээс Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, дурсгалын зургаа татуулсан нь энэ тэмцээний бас нэг онцлог байлаа.
 

П.Батням

 

Холбоотой мэдээ