2015 онд 510 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд арилжсаныг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-15 10:57:51

Монгол Улсын санхүүгийн зах зээлийг иж бүрнээр нь хамруулан, банк, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн бүх салбарын харилцан уялдсан цогц хөгжил, тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийн үр нөлөө, хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар хэлэлцэж тулгамдсан асуудал, боломж, гарцыг тодорхойлох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумыг зохион байгуулж байна. Тус форумын нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцлоо.

Монгол Улсад зах зээлийн харилцаа гүнзгийрэхийн хэрээр улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд санхүүгийн зах зээлийн гүйцэтгэх үүрэг улам бүр ач холбогдолтой болж, дэлхийн санхүүгийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхах, гадны болон үндэсний хөрөнгө оруулагчдыг бий болгох зайлшгүй шаардлага тавигдаж байна. Улс орны нийт хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой хангахуйц, өөрийгөө тэтгэх чадвар бүхий олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөв, санхүү мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь макро эдийн засгийн хүрээний гол зорилт болж байна. 2015 онд Хөрөнгийн бирж дээр нийт 546,4 төгрөгийн арилжаа хийсэн нь Хөрөнгийн бирж байгуулагдсан цагаас хойших хамгийн өндөр арилжааны жил байв. Засгийн газраас үнэт цаасны зах зээлийг бодлогоор дэмжиж Засгийн газрын бондыг биржээр дамжуулан арилжаалж байгаа бөгөөд 2015 онд нийт 510 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бонд арилжигдсан гэдгийг Монгол Улсын сайд С.Баярцогт онцоллоо.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс үнэт цаасны зах зээлийн харилцааны зохицуулалтыг олон улсын түвшинд хүргэх, дэд бүтэц, зах зээлийн сонгодог оролцогчдыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх, улмаар зах зээлийн хөгжлийг дэмжиж хувьцаат компаниудын улс орны эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх үндсэн зорилтын хүрээнд олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгааг тодотгосон юм. “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” шинэчлэгдэн батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө оруулалтын менежментийн 7 компани, 3 кастодиан банк, хувийн хөрөнгө оруулалтын 2 сан байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ нь үнэт цаасны зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчид орж ирэх суурь нөхцөлүүд бүрдсэний тод жишээ гэж үзэж байна гэлээ.

Анх удаа зохион байгуулагдаж буй “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумд үнэт цаасны компани, арилжааны банк, даатгагч, бичил санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, харилцагч, мэргэжилтэн, компаниудын 600 гаруй төлөөлөгчид оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ