Рухани: Ойрхи Дорнодын асуудлуудыг дипломат арга замаар зохицуулах хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-18 11:17:06

ТЕГЕРАН. /TASS/. Ойрхи Дорнодын асуудлуудыг дипломат арга замаар зохицуулах хэрэгтэй гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани мэдэгдэв.

2015 оны долдугаар сард Вена хотод байгуулсан Ираны цөмийн гэрээг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан тэрбээр мэдэгдэл хийсэн байна.

Ойрхи Дорнодын асуудлыг хэрхэн зохицуулж болохыг харуулсан жишээ бол Иранд авсан хориг арга хэмжээг цуцалсан явдал юм гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, “хэлэлцээ, уулзалт, дипломат хүчин чармайлтын хүчээр хүссэн үр дүндээ хүрч чадна. Бүс нутаг дахь орнууд зөрчлөө арилгахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Тэд дипломат арга замаар асуудлаа шийдвэрлэх боломжтой” гэж мэдэгджээ.

Харин тэрбээр Саудын Арабын бодлогыг буруушаагаад, Арабын нэгэн улсын иргэн өөр урсгал шүтдэгээсээ болж хүний нутагт цаазлуулах нь байж болшгүй хэрэг гэж мэдэгдэв. “Иран цөмийн гэрээгээ амжилттай хэрэгжүүлж эхэлсэнд Саудын Араб сөргөөр хандсан. Лалын шашинт нэг улс нь дэвшил гаргаж байхад нөгөө нь сөргөөр хүлээж авах нь зөв зүйл биш юм” гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдсан байна. Ойрхи Дорнодын бүс нутагт эцсийн эцэст юу чухал болохыг Саудын Араб ойлгох ёстой гэж тэрбээр онцлон тэмдэглэв.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ