70 мянган хэрэглэгчээс эрчим хүчний төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар авч байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-18 14:48:25

Барилгын компаниуд иргэдийн хэрэглэсэн эрчим хүчний үнийг аж ахуйн нэгжийн үнийн тарифаар тооцож авдаг талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч А.Ариунболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэд 1к/ц эрчим хүчийг 98.40 төгрөгөөр хэрэглэдэг. Гэтэл зарим аж ахуйн нэгж 2015 онд 7500 өрх буюу 70 мянган хэрэглэгчээс эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар буюу 128.50 төгрөгөөр тооцон авч, нийт нэг тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Энэ нь нэг өрхөөс дунджаар 5 мянга орчим төгрөгийг сар бүр хууль бусаар авдаг байсан нь илэрсэн хэмээн А.Ариунболд ерөнхийлөгч хэллээ.

Тэрбээр, "Энэ үйлдэл нь Эрчим хүчний тухай хуулийн 12.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 заалтыг тус тус зөрчиж байна. Тухайлбал, "Пюр Хаус”, “Жигүүр Гранд”, “ЮБП”, “Зүүн хүрээ шилтгээн”, “АО Жаргалант”, “Ричфортун”, “Блю Скай”, “Ажигана” зэрэг байгууллагуудын нэрсийг дурьдаж болно. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-ын Өргөдлийн байнгын хороо,  Эрчим хүчний зохицуулах хороонд хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Одоо дахин УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандах болно" гэлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ