Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн этгээд султанаас өршөөл хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-01-19 11:54:24

КУАЛА-ЛУМПУР. /Thestar/. Монголын орчуулагч Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр ял шийтгүүлсэн, Малайзийн Тусгай ажиллагааны ангийн ажилтан асан Азилах Хадри Малайзын Селангор мужийн султанаас өршөөл хүссэн байна.

Түүний хүсэлтийг өчигдөр өглөө султаны Шах-Алам ордон дахь хувийн нарийн бичигт хүргүүлжээ.

Азилах Хадригийн хуульч Датук Хазман Ахмад, хүсэлтийн хуулбарыг Селангор мужийн Ерөнхий прокурорт өгсөн гэж мэдэгдсэн байна.

“Хүсэлтийг Селангор мужийн Өршөөл үзүүлэх зөвлөлд танилцуулна. Уг зөвлөлийг Селангор мужийн султан даргална” гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, монгол эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгт Азилах буруутай гэсэн шийдвэрийг дахин хянах хүсэлтийг Холбооны улсын шүүхэд илгээх асуудлыг авч үзнэ гэж мэдэгджээ.

"Өршөөл үзүүлэх зөвлөл хэргийг нь бүрэн өршөөвөл Азилахт оноосон ял хүчин төгөлдөр бус болно. Харин зарим талаар өршөөл үзүүлбэл түүний ял шийтгэл нь хөнгөрнө. Оноосон ялыг бүх насаар нь хорих ял болгож магадгүй эсвэл өршөөгдөж суллагдана" гэж Холбооны улсын шүүхийн шүүгч асан мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ