Дуулиантай хэргүүдийн талаар прокурорууд санал солилцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-01-19 15:25:09

Улсын Ерөнхий Прокурорын  газарт “Прокурорын удирдах ажилтны зөвлөгөөн” өнөөдөр эхлэв. Тус зөвлөгөөнөөр аймаг, сум, дүүргийн прокурорууд өнгөрсөн онд хичнээн хэргийг, хэрхэн яаж шийдвэрлэсэн тоон мэдээллээ нэгтгэж, энэ онд ямар арга ажиллагаагаар ажиллах вэ? Цаашид прокурорын хяналт дор эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж буй хэргийн талаарх мэдээллийг нээлттэй хэрхэн олон нийтэд мэдээлэх вэ? зэргээ ярилцаж, тодорхойлох юм  гэж Улсын Прокурорын ерөнхий газрын орлогч Г.Эрдэнэбат тайлбарлалаа.

Мөн ирэх 9 дүгээр сараас УИХ-аар шинэчлэн баталсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотой прокурорын байгууллага цаашид гэмт хэрэгтэй тэмцэж яаж ажиллахаа удирдах ажилтны зөвлөгөөнөөрөө хэлэлцэнэ. Эрүүгийн хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан прокурорын байгууллагад бүтэц, орон тооны өөрчлөлт хийх юм байна. Мөн онц ноцтой дуулиант хэргүүдийг хэрхэн шийдэх тухайгаа ч ярилцаж эхэлжээ.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Эрүүл мэнд, Спортын сайд асан Г.Шийлэгдамба, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын авлигын хэрэгт сэжигтнээр татсан болон ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг агсныг хөнөөсөн буруутныг олох мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээж, талийгаачийн эхнэр, хэргийн ганц гэрч Д.Булганыг цагдаагийн байгууллага баривчлан саатуулсныг ч хөнджээ. "Прокурор, цагдаагийн байгууллагынхан хэргийн ганц гэрч Д.Булганыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй, 24 цагийн турш байцааж байна" гэсэн  мэдээллийг Г.Эрдэнэбат үгүйсгэж, ар гэрийнхэн нь сэжигтэнтэй уулзах албан хүсэлтийг прокурорын байгууллагад гаргах ёстой. 1998 онд үйлдэгдсэн тус хэрэгтэй холбоотой сэжиг таамаг, гарах үндэслэл үе үе гардаг. Энэ тохиолдол бүрт хэргийг тасралтгүй сэргээн шалгадаг. Энэ удаад ч уг эрүүгийн хэргийг нэхэн сэргээн шалгах сэжүүр гарсан гэдгийг онцоллоо. Харин  тус хэрэгт хэдэн хүн сэжигтнээр татаж, хорьж мөрдөн байцаалт  явуулснаа прокурорынхон нууцлав. Хуулийн хүрээнд, сэжигтний эрхийг хангаж дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа, усанд живж амиа алдсан гэх талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн хэргийн бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, өргөн хүрээнд үргэлжилж байгааг ч тэрбээр тодотгон хэллээ. Прокуроруудын зөвлөлгөөн энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ