Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-14 11:14:06

УИХ-ын ээлжит бус чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Өнгөрөгч мягмар гарагт хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан хоригоор тав хоногийн завсарлага авсан юм. Ингэснээр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх хугацаа хойшилж, маргааш хэлэлцэхээр болсон. Гэхдээ чуулганы хуралдаанаар хэлэлцэхийн өмнө Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг авч хэлэлцэнэ.

Ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай” асуудал болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Харин сайдын нарын томилгоог хийж дууссан тул чуулганаар зөвхөн Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх л үлдээд байна.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд