Б.Бямбасайхан: Улс төрд тогтворгүй байдал үүсвэл Монголд итгэх итгэл сайжрахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-21 18:03:53

Ерөнхий сайдыг огцруулах саналын ажлын хэсэгт “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагаас орж байгаа бөгөөд байнгын хорооны хуралдааны өмнө “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаас зарим зүйлийг тодруулав.

-Улс төрд өрнөж байгаа нөхцөл байдал Оюутолгойн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа юу?

-Өнөөдөр Оюутолгойн үйл ажиллагаа тогтвортой явж байна. Оюутолгой бол монголын нэрийн хуудас. Яагаад гэвэл дэлхийн стандартаар үйл ажиллагаа явуулдаг, зардал бага гаргадаг, сайн технологи ашигладаг. Гэхдээ улс төрд тогтворгүй байдал үүсээд байх юм бол Монголд итгэх итгэл сайжрахгүй. Сүүлийн хоёр жил бид Оюутолгойн холбогдолтой маш олон ажил хийсэн. Маш их итгэл хүлээж авсан. Энэ итгэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд татах ёстой. Өнөөдрийн нөхцөл байдалд гаднаас мөнгө олж ирэхгүйгээр эдийн засгаа томруулах боломж байхгүй. Тиймээс Оюутолгой бол зайлшгүй явах ёстой. Цаашлаад Тавантолгойн, Тавдугаар цахилгаан станцын, Төмөр замын төслүүд бүгд хоорондоо холбоотой.

Гол нь бид Монгол Улсын хуулийн хүрээнд хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн нэг ч заалт байхгүй Дубайн төлөвлөгөөнд бүх зүйл хуулийн дагуу явж байгаа. Хэрвээ муу, сайн гэж ярих юм бол байгаа нөхцөл байдлыг харин ч сайжруулсан.

-Гэтэл энэ асуудал Засгийн газрыг огцруулах үндэслэл болсон гэж байгаа?

-Бид Оюутолгой гэдэг компанийг бизнесийн зарчмаар үйл ажиллагааг нь явуулахыг л зорьж байгаа. “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компани бол хувьцаа эзэмшигч. Засгийн газрын өмнөөс буюу Монгол Улсын иргэд бидний өмнөөс хувьцаагаа эзэмшээд явж байгаа. Тэгэхээр Оюутолгой компани ашигтай ажиллаж байж л бидэнд үнэ цэнэ нь ирнэ. Тийм зорилготой л ажиллаж байна. Улс төр бол бизнесээс тусдаа асуудал.

-Монголын талын ногдол ашиг хүртэх хугацааг хойшлуулж, сунгасан гэрээ байгуулсан гэж байгаа. Энэ талаар?

-Бид яагаад санхүүжилтийнхээ өртгийг багасгаж, зээл авч байна вэ гэвэл хүртэх ашгаа  л түрүүлж авах гэсэн бодлого. Харин бидний тогтоон барьж чаддагүй зэс, алтны үнэ унаад байвал компани ашиггүй, үнэ өсвөл бид ашгаа хурдан авна. Оюутолгойг ашигтай ажиллуулдаг компани болгох нь бидний зорилго. Ашгаа заавал тэр заасан хугацаанд авна гэсэн үг биш. Ашгаа хурдан авахын төлөө л ажиллаж байна.

-Манай улс төрийн нөхцөл байдлаас үүдээд хувьцааны үнэд өөрчлөлт орсон уу?

-Өнөөдөр тэртээ тэргүй дэлхий дээр зэс, нүүрсний зах зээл хүнд байгаа. Үүнтэй холбоотой Монголын олон улсын зах зээлд хувьцаа нь арилжаалагддаг компануудын нөхцөл байдал хүндрэлтэй л байгаа. 2016 он бол чухал он. Дэлхийн хэд хэдэн нөлөө бүхий улсад сонгууль болно. Зарим бүс нутгуудад мөргөлдөөн болох эрсдэл байна. Тэгэхээр 2016 он бол манай улсын хувьд ч чухал он. Тиймээс бид бизнесээ л сайн явуулах ёстой. Эдийн засгийн энэ хүнд нөхцөл байдлыг бид яаж давах вэ гэхээр зардлаа багасгаж л давна.

-Эхний ээлжийн хөрөнгө оруулалт хэдийгээр орж ирэх товтой байгаа вэ?

-Дулааны улирал эхлэхээр бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрчимтэй явагдана. Одоо ч гэсэн бүтээн байгуулалтын ажил зогсоогүй үргэлжилж байгаа. Санхүүжилт дулааны улирал эхлэхээр орж ирэх хүлээлттэй байна. Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил дээр үргэлжлүүлэх гээд төсвийг нь баталчихсан.

-Далд уурхайн бүтээн байгуулалтаар хичнээн ажлын байр нэмэгдэх вэ?

-2016-2020 оны хооронд 3000 шинэ ажлын байр нэмэгдэнэ. Энэ нь Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, барилгын ажилтай холбоотой. Өнөөдөр Оюутолгойд 6500 хүн ажиллаж байгаа. Оюутолгойн барилгын ажил ид явж байх үед 10 мянган монгол хүн ажиллаж байсан. Ажлын байр нэмэгдэж байгаа нь манай эдийн засагт маш том дэмжлэг болно. Иргэдийн хувьд ч ипотекийн зээл, хүүхдийн сургалтын төлбөр зэрэг өрхийн амьжиргаанд дэмжлэг болж байгаа юм.

Н.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ