“Энхийн шагнал”-ын эзнээр Х.Хатанбаатар тодорлоо

Монголын мэдээ | Боловсрол
ulzii@montsame.mn
2016-01-22 12:37:49

“Дэлхийн энхийн их наадам” ТТБ, “Монголын уламжлалын академи”, “Дэлхийн энх тайвны зөвлөл” зэрэг Монгол дахь энх тайвны байгууллагууд өөрсдийн нэгдмэл байдлыг илэрхийлсэн дээд шагнал “Энхийн шагнал”-аа Х.Хатанбаатарт гардуулав.

Монголын хүүхэд залуучуудын боловсрол мэдлэг, оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь үнэлж “Монголын Оюун Ухааны Академи”-ийн тэргүүн, олон улсын шүүгч, ой тогтоолтын мастер Хандсүрэнгийн Хатанбаатар уг шагналын эзнээр тодорлоо.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ “Улаанбаатар” зочид буудлын хүндэтгэлийн танхимд боллоо. Тав дахь жилдээ нийгэм, хүмүүнлэгийн салбарт томоохон хувь нэмэр оруулж, бусдын сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулан улс орны хөгжил дэвшил, эв нэгдэл, энхийн төлөө бодит ажил үйлс нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм хүнийг шагнаж байгаа юм. Энэ шагналын эзнээр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Дэлхийн Энхтайвны зөвлөлийн Дэд ерөнхийлөгч Д.Цахилгаан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Азийн хүүхдүүд” сангийн тэргүүн С.Эрдэнэчулуун нар тодорч байв.

Х.Хатанбаатар нь 2009 онд Монголын оюун ухааны академийг санаачлан байгуулж, энэ хугацаанд олон байгууллага, иргэд, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн оюутан, сурагчдад оюуныг хөгжүүлэх чиглэлээр сургалт семинар зохиожээ. Мөн оюуны спортын олон улсын 35 тэмцээнд нийт 50 гаруй тамирчдыг бэлтгэн оролцуулж, олон улсын түвшний томоохон тэмцээний 484 медалийг хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсан байна. Энэ бүхний үр дүнд Монголчууд оюуны спортын олон улсын Их Мастер 3, Их Мастер 2, олон улсын Мастер 7-г төрүүлсэн бөгөөд оюуны спортын дэлхийн олон дээд рекордыг эзэмшээд байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ