Японы сумоч 10 жилийн дараа буюу озэки Котошёогикү түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-01-24 17:54:24

Мэргэжлийн сумо бөхийн 2016 оны анхны тэмцээн буюу Хацү башёд озэки Котошёогикү түрүүлсэн нь 10 жилийн дараа япон сумоч эзэн хааныхаа цомыг хүртсэн түүхэн үйл явдал болов.

Токио хотноо болсон Хацү башёгийн сүүлийн өдөр Котошёогикү озэки Гоэйдотой барилдахаар оноолт таарч түүнийг давснаар 14 даваа, нэг унаатай болж, Японы эзэн хааны цомыг анх удаа хүртлээ. Озэки Котошёогикү Хацү башёгийн 10, 11, 12 дахь өдөр 71, 70, 69 дэх Их аваргууд болох Какурюү, Хакүхо, Харүмафүжи нарыг дараалан давсан.

Тэрбээр энэ цагийг эзэлсэн Их аваргуудыг давсны дараа 13 дахь өдрийн барилдаанд Тоёоношимад ялагдсан ч тэргүүлэгч хэвээрээ байж 15 өдрийн барилдаанд Котошёогикү Гоэйдог давж, түүхэн амжилтын эзнээр тодорлоо. Энэ башёгийн нэг онцлог нь нутгийн бөхчүүд хамгийн сүүлд Эзэн хааны цом хүртсэний 10 жилийн ой тохиосон юм.

Энэ тун хариуцлагтай цаг үед озэки Котошёогикү сүүлийн өдрийг хүртэл түрүүлэх боломжоо алдаагүй бахархууштай. Хамгийн сүүлд буюу 2006 оны нэгдүгээр сарын тэмцээнд Точиазүма гурав дахь түрүүгээ авч байсан юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ