Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тухайн жилдээ төлөөгүй бол 2 дахин нэмж төлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 11:20:19

Эрүүл мэндийн төвүүд, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэгсэдийн дунд нийтлэг байдаг нэг гомдол бол даатгал төлсөний ач холбогдол төдийлөн гардаггүй гэсэн ойлголт байдаг байна. Тухайлбал, ард иргэдийн төлсөн ЭМД-ын шимтгэл эмнэлэгт үзлэг хийлгэх, оношлуулах, үнэгүй зөвлөгөө авах, өндөр бус өртөгтэй эмчилгээ хийлгэх, жор бичүүлэх төдийгөөр хязгаарлагддаг.

Тэгвэл 2015 оны 1 сарын 29-нд батлагдсан ЭМД-ын хуулийн шинэчлэл өөрчлөлтөд зарим нэг зүйл ард иргэдэд таатай байдлаар тусгагджээ. Энд өнгөрсөн оны 7-р сараас эхлэн өндөр өртөгтэй зарим эмчилгээг ЭМД-аас санхүүжилдэг болсон бол энэ 2016 оны 1-р сарын 1-нээс эхлээд ЭМД-ын шимтгэлд өөрчлөлт оржээ. Энд өөрсдөө даатгалаа төлдөг иргэд сарын 3840 буюу жилийн 46080 төгрөгөөр шимтгэлээ төлдөг болсон байна. Үүнийг төлөхдөө шинэчилсэн хуулинд бүтэн жилээр, хагас жилээс, улирлаар, сараар төлөх боломжийг бүрдүүлж өгсөн байна. Дараагийн хэрэгжих нэг өөрчлөлт нь энэ оны 2-р улирлаас эхлэн БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар хөнгөлөлттэй жороор эм бичиж эхлэх ажээ. Өмнөговийн БОЭТ-д хийгддэг тодосгогчтой тодосгогчгүй томографикийн үйлчилгээ өндөр өртөгтэй эмчилгээнд ордог бөгөөд үүний 165000 төгрөгийг ЭМД-ын сангаас хариуцдаг байна. Харин тодосгогчгүй томографикийн 120000 төгрөгийг 100 хувь хариуцдаг боллоо. Мөн өрхийн даатгалыг бий болгож өгсөн байна. Ер нь аливаа хүн ЭМД-д даатгуулснаар жилд 2 сая төгрөгний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх үүсдэг бөгөөд гэр бүлийн 2 гишүүн хоёулаа  даатгалаа төлдөг бол 1 гишүүн нь хүндээр өвдлөө гэхэд нөгөө гишүүнийхээ зөвшөөрлөөр дахиад тэр хүнийхээ 2 сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг давхар хэрэглэх боломжтой болжээ. Гэхдээ энэхүү үйлчилгээний журам хараахан батлагдаж ирээгүй ч журам ирсэн тохиолдолд энэ оноос хэрэгжиж эхлэх юм байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын ажилтай, ажилгүй, малчин хэн бүхэн ЭМД-ын албан журмын даатгалд хамрагдана гэж заасан байна. Хэрэв тухайн жилдээ ЭМД-ын шимтгэлээ төлөөгүй бол дараагийн жилдээ 2 дахин нэмж төлөх юм. Түүнчлэн оюутан сурагчдын ЭМД-ыг төрөөс даадаг байсан бол энэ оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу жилд 23040 төгрөгийг төлөхөөр заажээ. Мөн урьд нь 0-16 насны хүүхдийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс даадаг байсан бол одоо 0-18 хүртэлх сургуульд сурдаг, сурдаггүй хамаарахгүй бүх хүүхдийн даатгалыг төрөөс хариуцдаг болсон байна.

 

Өмнөговь аймаг  С.Сумьяа

 

Холбоотой мэдээ