Өмнөговь суманд өвөлжилт хүндэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 20:36:52

Увс аймгийн Өмнөговь суманд он гарсаар их хүйтэрч, одоогийн байдлаар 3-5 см цас нэмж ороод байгаа аж.  Өмнөговь сум нь өвөлдөө дулаахан, цасгүй байдаг, Увс аймгийн хараар өвөлждөг сумдын нэг юм.

Өнгөрсөн 11-р сард орсон их цас цоохортож, мал бэлчээрлэх боломжтой болоод байсан ч энэ сард бага багаар цас нэмж орсноор малын бэлчээр хумигдаж, өтөг бууц нь хөлдөж, өвс тэжээл ихээр  шаардлагатай болжээ. Энэ жил мал мах, арс ширний үнэ хямд байсан тул малчид өвс тэжээл авах бэлэн мөнгөний хомсдолд орсон аж. Арьс ширний мөнгө зарим өрхөд хагас дутуу, зарим өрхөд огт олгогдоогүй байна.

Энэ сарын 20-оос эхлэн Улиастай, Орлого, Баянгол, Холбоо багуудын малчин өрхүүдэд тус бүр хоёр боодол өвс, 25 кг хивэг олгосон бол сумын төвийн Намир багийн малтай өрхүүдэд 1 боодол өвс, 25 кг хивэг тараасан байна. Тэгэхдээ 25 кг хивгээ 5250 төгрөгөөр худалдаалсан аж. Малчдын хувьд ахиухан өвсийг ноолуур гартал зээлээр авах сонирхолтой байна.

Тус суманд цас нэмж орвол малчид улам хүнд байдалд орох төлөвтэй байгаа аж. Увс аймгийн 6 сум хараар өвөлждөг бөгөөд эдгээр сумд одоогоор зудын байдалтай байна.

                                                                                                      Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ