“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн залуу боловсон хүчний 68 хувь орон сууцгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-14 14:25:42

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залууучуудын холбоо, Хүний нөөцийн хэлтэс хамтран “Залуучууд ба орон сууц” зөвлөгөөнийг анх удаа зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд 200 гаруй залуус, барилга болон банкны компаниудын төлөөлөл оролцов.

Тус үйлдвэрийн 53 хувь нь залуучууд бөгөөд үүний 68 хувь нь орон сууцгүй гэсэн судалгаа байна. Иймд тэднийг орон сууцаар хангах дөрвөн шийдэл гаргажээ. Нэгд,  дамжин өнгөрөх байр буюу түр хугацаанд амьдрах орон сууц гэнэ. Үүнд ажилд орж буй залуу боловсон хүчин орон сууц авах мөнгөн хуримтлалаа бий болгох хүртэл буюу нэгээс гурван жил амьдрах байр юм. Хоёрт, нийтийн орон сууц. Энэ нь тус үйлдвэрийн Залуучуудын холбоотой хамтран ажилладаг барилгын компаниудын санал болгож буй хямд өртөгтэй байр ажээ. Тухайлбал, барилгын компаниуд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр орон сууцныхаа  м.кв тутамдаа 100-150 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг юм. Гуравт, TOWN HOUSE буюу хувийн байшинг санал болгож байна.

Үүний тулд тухайн ажилтан эхлээд хуримтлал бий болгож дараа нь үйлдвэрийн нийгмийн бодлогын хүрээнд инженерийн шугам сүлжээ шийдсэн газарт амины сууцаа барина гэсэн үг юм. Үйлдвэрээс дэмжлэг болгож  8.2 сая төгрөг өгөх аж. Дөрөвт, гэр хорооллын тодорхой хэсэгт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэрэмжит “Гудамж” төсөл хэрэгжүүлэх гэнэ. Ийнхүү ажилчдаа орон сууцжуулах гарц хайсан зөвлөгөөн үр дүнтэй боллоо гэж залуучууд хэлж байна. Дашрамд дурдахад, “Эрдэнэт үйлдвэр” ХХК орон сууц худалдан авсан ажилтандаа нэг удаа найман сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг юм. Энэ дэмжлэгийг олгоод дөрвөн жил болж байгаа бөгөөд эл хугацаанд 12 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнээс гадна одоогийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК 1300 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байна. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд