Ч.Сайханбилэг: Малчны зээлийн хүүг 10 хувь руу бууруулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-27 13:22:10

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан шаардлагатай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал мэдээлэл хийлээ.  

УИХ дахь МАН-ын бүлгээс тэтгэврийн, цалингийн, малчны зэрэг бүх төрлийн зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж, урьд нь өндөр хүүтэй олгогдсон байсан бүх зээлийн хүүгийн төлбөрийг буулгаж, зээл төлөх хугацааг сунгах шийдвэрийг сар шинийн баяраас өмнө гаргах шаардлагыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан. 

Мэдээлэлд дурдсанаар Монголбанкнаас сүүлийн 3 жилийн хугацаанд дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх, эдийн засаг дахь нийт хуримтлалыг дэмжихийн тулд зээлийн хүүг бууруулах бодлого барьж ажиллажээ. Цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд Монголбанкнаас хэрэглээг дэмжсэн биш, харин ажлын байр нэмэгдүүлсэн, хуримтлал, экспортыг дэмжих зорилгоор зээлийн хүүг бууруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ гэлээ. Байнгын хорооны гишүүд энэ үеэр мэдээлэлтэй холбогдуулж, Ерөнхий сайд болон Монголбанкны ерөнхийлөгчөөс асуулт асууж хариулт авсан юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гишүүдийн асуултад хариулахдаа, "Хоёр долоо хоногийн өмнө энэ чиглэлээр Монголбанк болон бусад холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн. Малчны зээл дээр тодорхой гарц хайсан. Малчдад нийт 240 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банк, ХААН банк олгосон байна. Зээлийн хүү сарын 2.5 хувь. Энэ бол маш өндөр байгаа. Ийм зээлээр малчид үйлдвэрлэл явуулах, мал аж ахуйгаа хөгжүүлэхэд хүндрэлтэй байгаа. Тиймээс бид энэ зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк, бусад байгууллагуудтай ажилласны дүнд жилийн 30 хувь байгаа зээлийн хүү 10 хувь болж буурах бололцоо бий болж байна. Малчдын энэ зээлийг хэрэглээний зээл гэж үзэхгүй байгаа. Энэ зээл махны экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийг шинэ хэлбэрт оруулах, эдийн засгийн солонгоруулах, импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжихэд чиглэнэ. Ямартай ч сар шинийн баярын өмнө малчдын зээлийн хүүг 10 хувь болгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна" гэв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ