Хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах асуудлыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-28 11:51:58

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

УИХ-аас Хууль тогтоомжийн тухай хуулийг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталж, 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Гэвч Засгийн газар хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хоёр өдрийн өмнө  нэн яаралтай хэлэлцэх дэгээр хэлэлцэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Сүүлийн үед хуулиудыг 2016 сонгууль өнгөрсөний дараа буюу 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжихээр баталж байна. Өнөөдөр Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн мөрдөх хугацааг сунгахаар оруулж иржээ. Өөрсдийн бүрэн эрхийн хугацаанд хуулиа хэрэгжүүлэхгүй юм бол яах гэж хууль баталдаг юм бэ. Улс оронд хэрэгтэй асуудлуудыг хойшлуулаад, байгууллага самрах асуудлыг болохоор дэг зөрчөөд оруулаад ирдэг. Өнөөдрийн УИХ үр дүнгүй ажиллаж байна. Засгийн газар ажлаа хийе гэвэл хуулиа батлаад, хэрэгжүүлээд явах хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлсэн.

Үүнд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, “Төсвийн тухай хууль тухайн оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгждэг. Тиймээс санхүүгийн жилийн дундуур хэрэгжихээр санхүү болон хүний нөөцийн асуудал хөндөгддөг. Аливаа хуулиуд нь төсөвтэй уялддаг учраас тооцоо судалгаа зэргийг нь хийгээд бодитой хэрэгжих хугацааг оруулж ирж байна. Иймээс хэрэгжих хугацааг 2017 он болгон хойшлуулсан” хэмээн хариулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад 56,9 хувь "Хэлэлцэх нь зүйтэй" гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Б.Туул

Холбоотой мэдээ