О.Баасанхүү: 350 тэрбум гэдэг чинь Чалкогийн өрийг төлчих мөнгө шүү дээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-14 16:09:24

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Өнгөрөгч мягмар гарагт хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ 5 хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэн. Энэ нь бүлгийн байр суурь байсан уу?

-Бүлгийн байр суурийг бүлгийн дарга, мөн дэд дарга илэрхийлдэг. Тиймээс энэ нь бүлгийн байр суурь.

-Тухайн үед бүлгийн дэд дарга, ”Улсад 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хүмүүсийн нэрийг ил тод болго” гэсэн шаардлага тавьж завсарлага авч байгаагаа хэлж байсан. Хэрэв эдгээр хүмүүсийн нэрийг зарлах боломжгүй гэвэл бүлэг ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хуулинд заасан 5 хоногийн хугацаа дуусвал цааш үргэлжлүүлээд хэлэлцэх байх. 350 тэрбум гэдэг бол асар их тоо. Энэ чинь Чалкогийн өрийг төлчих мөнгө шүү дээ. Авах шаардлагатай бол энэ мөнгийг авсан нь дээр. Тэр утгаараа бүлэг байр сууриа илэрхийлсэн гэж ойлгож байгаа.

-Хэрэв тэдгээр нэрсийг зарлах боломжгүй гэдэг нь тодорхой болвол яах вэ? Бүлэг дахин завсарлага авна гэсэн үг үү?

-Би бүлгийн байр суурийг илэрхийлэх боломжгүй. Бүлгийн гишүүний хувьд байр сууриа хэлж байна. Миний хувьд хуулийн дагуу цаашаа хэлэлцээд явна байх гэсэн бодолтой байна. Завсарлага дээр гурав хоног нэмж авах бол үзэмжээр шийднэ гэж хуулинд заасан байгаа. Цаг хугацаагүй юм гэж байхгүй учраас цааш нь хэлэлцээд явж таарна.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд